“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн хэлэлцүүлэг, уулзалт боллоо
2025-05-15 Админ Хандсан тоо: 22 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Канадын Холбооны Шүүхийн Хэрэг Эрхлэх Комиссарын газраас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (Equal Justice for all in Mongolia) төслийн хэлэлцүүлэг, уулзалт 2025 оны 05 дугаар сарын 13 болон 15-ны өдрүүдэд боллоо.
Төслийн багийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын Дэд комиссар Эрролин Хамфрис, Нью Брансвик мужийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Бритиш Колумбийн шүүгч, Үндэсний шүүхийн хүрээлэнгийн Ерөнхий шүүгч-Захирал Том Крабтри, Комиссарын газрын олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков, Үр дүнд суурилсан менежментийн зөвлөх Ян Моррисон нар багтжээ.

                               
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Шүүхийн академийн зүгээс Шүүгчийн ёс зүйн сургалт, Зөөлөн ур чадварын сургалт, Гэр бүлийн шүүхийн дагнасан шүүгч бэлтгэх сургалтуудыг хамтран зохион байгуулах, Канадын Үндэсний Шүүхийн хүрээлэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах талаар туршлага солилцох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиров.
Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг академийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Шүүхийн сургалтын төвийн сургалтын систем, агуулгууд болон Мэдээллийн төвийн үйл ажиллагаатай төлөөлөгчид биечлэн танилцлаа.
Мөн төлөөлөгчдийг Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяагаар ахлуулсан “Ерөнхий шүүгчдийн сургалт”-ын зохион байгуулах ажлын хэсэг хүлээн авч уулзан бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч-багш бэлтгэхэд Канад Улсын мэргэшсэн багш нарын туршлагаас хуваалцах талаар санал солилцлоо.

                                
Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжих “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (Equal Justice for all in Mongolia) төсөл Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Монголын Шүүгчдийн Холбоо, Оюуны Инноваци ТББ зэрэг байгууллагуудын оролцоотойгоор 2030 он хүртэл хэрэгжинэ.
                                                                                                    МЭДЭЭЛЛИЙН ТӨВ