ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
KOICA-ийн Сургалт төгсөгчдийн мэдлэг хуваалцах форум боллоо
2025-10-28 Админ Хандсан тоо: 77 Хуваалцах
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага буюу KOICA-аас “Сургалт төгсөгчдийн форум: Тогтвортой түншлэлийн төлөө мэдлэг хуваалцах нь” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд KOICA байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Жу Хэйн Нан, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг болон KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Тус форумд МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Ч.Хашчулуун “Монгол Улсын тогтвортой өсөлт ба засгийн газрын хувийн хэвшлийн үүрэг", МУИС-ийн ХЗС, ахлах багш, Хууль зүйн ухааны доктор С.Батбаяр “Бизнесийн орчны өөрчлөлт ба эрх зүйн зохицуулалтын чиг хандлага" сэдвээр тус тус илтгэл танилцуулсан юм.

KOICA нь 1995 оноос хойш хамтын ажиллагаатай улс орнуудын бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчид, салбарын мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалтын төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. 2025 оны байдлаар нийт 3300 гаруй Монгол Улсын төрийн албан хаагч сургалтад хамрагджээ.

Форумын үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг “КОЙКА-аас Шүүхийн цахимжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн төлөөлөл, IT мэргэжилтнүүд, Шүүхийн академийн судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-д сургалтад амжилттай хамрагдсан. Цаашид шүүхийн цахимжилтыг амжилттай хэрэгжүүлэхэд анхааран ажиллана" гэдгийг онцоллоо.

Сургалтад хамрагдсан Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдоод байгаа бөгөөд Шүүхийн цахимжилтыг хэрэгжүүлэх бодлогын ажлыг илүү бодитой, үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгтээ итгэлтэй байна гэв.
KOICA-ийн сургалтад хамрагдсан төгсөгчдийн холбоо нь туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Солонгосын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготойгоор 2000 онд байгуулагдсан байна.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ