Бүх шатны шүүхийн шүүгчдийг “гэр бүл, хүүхдийн эрх ашиг ба гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл ирүүлэхийг урьж байна
2025-04-08 Админ Хандсан тоо: 349 Хуваалцах

Зохион байгуулагч: Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи

Хурлын огноо: 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, Лхагва гараг

Хурлын зорилго:

Монгол Улсын хувьд Эрүүгийн хэргийн шүүх өсвөр насны хүүхдийн холбогдсон хэргийг, Иргэний хэргийн шүүх Гэр бүлийн тухай хуулиар буюу шүүхийн журмаар гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байна. Ийнхүү тус шүүхүүдээр хянан шийдвэрлэгдэж байгаа маргааны тоо жил ирэх бүр өсөж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс байгуулахаар болсон билээ.

Тус эрдэм шинжилгээний хурлаар шүүхээс гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шударга, үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг, гэр бүлтэй холбоотой гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг гаргуулах зэрэг хэргийг харьяалан шийдвэрлэх мэргэшсэн тогтолцоо бүрдүүлсэн улсын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зохист тогтолцоог бий болгохоор бэлтгэл ажлыг хангах зорилгоор бусад улсын онол, практик туршлагын талаар гадаадын (АССЕР, Австрали Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс) эрдэмтэн, судлаач, шүүгч нар болон Монгол Улсын дээд шүүхийн иргэний болон эрүүгийн хэргийн танхим, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Илтгэлийн сэдэв: Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд  дараах хоёр сэдвээр илтгэл танилцуулах шүүгчдийг шалгаруулна. Үүнд:

  • “Монгол Улс дахь хүүхэд үрчлэлт болон хүүхдийн асрамжийн эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал”;
  • “Гэр бүлийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба бүтэц, зохион байгуулалт;
  • “Өсвөр насны хүүхдийн гэмт хэрэг” ;
  • “Хүүхдийн хэргийн шүүхийн үзэл баримтлал, харьяалан шийдвэрлэх маргаан”.

Илтгэлд тавигдах агуулгын болон хэлбэрийн шаардлага:

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэл нь дараах агуулгын шаардлагыг хангасан байна:

  • Монгол Улс дахь хүүхэд үрчлэлт болон хүүхдийн асран хамгаалалттай холбоотой тодорхой асуудлыг дэвшүүлж түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх;
  • Онол, практикийн ач холбогдолтой байх;
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байна;
  • Илтгэлд сонгосон сэдэвт холбогдох 10-с доошгүй эрдэм шинжилгээний бүтээлээс эшлэл оруулсан байх;
  • Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлээгүй байх.
  • Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэл нь дараах хэлбэрийн шаардлагыг хангасан байна:
  • Илтгэл хэлбэрээр бичигдсэн байх;
  • Илтгэлийн бичвэр нь үг үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байх;
  • Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх; (ШССМХ-ийн захирлын 2023 оны 05 сарын 18-ны өдрийн A/11 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-ыг баримтлах)
  • Илтгэл нь А4 цаасны хэмжээтэй бичгийн цаасан дээр хуудасны дээд, доод захаас 2 см, баруун захаас 1.5 см, зүүн захаас 3 см зай үлдээж бичнэ. Arial фондоор үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15 байна;
  • Өгүүлэл нь 15-20 нүүрэнд багтсан байна.

Илтгэлийн бүтэц:

  • Илтгэлийн нэр
  • Оршил (Сэдэв сонгох болсон үндэслэл, илтгэлийн зорилго болон хамрах хүрээ, арга зүйг тодорхойлон бичнэ) 
  • Үндсэн хэсэг (Онол, практик, судалгааны хэсгийг эшлэл, эх сурвалжтайгаар хүүрнэн бичнэ)
  • Дүгнэлт, санал (Үндсэн хэсгийг нэгтгэн дүгнэх, судалгааны явцад дэвшүүлсэн өөрийн саналыг бичнэ)
  • Ном зүй (Ашигласан эх сурвалжийг эшлэл, ном зүй бичих стандартын дагуу жагсаан бичнэ).

Илтгэлийг хүлээж авах:

Илтгэлийг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Шүүхийн академийн байранд болон research@jtrii.gov.mn цахим хаягаар хүлээж авна.

Шагнал:

Шалгарсан илтгэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэхээс гадна Шүүхийн академиас эрхлэн гаргадаг “Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүлд нийтэлнэ.

ШҮҮХИЙН АКАДЕМИ