Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл
2025-02-19 Админ Хандсан тоо: 339 Хуваалцах

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017)-д зааснаар Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:

  •  Гэмт хэргийн шинжгүй
  • Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан
  • Шүүгдэгч нас барсан
  • Тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа
  •  Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон
  •  Шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй
  • Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон
  • Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан 2017 оноос 2024 оны 3 дугаар улирал хүртэлх хугацааны “МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТАЙЛАН ”-д Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан нийт хэргийн тоо болон нийт хэрэгсэхгүй болгосон хэргийн тоог тусгажээ. Тус статистикаас харвал, 2024 онд нийт хүлээн авсан хэргийн 0.35%, 2023 онд 0.33%, 2022 онд 0.69% нь хэрэгсэхгүй болсон байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд бусад тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага  зайлшгүй байх зарчим үйлчилнэ .  

Ял гарцаагүй байх зарчим нь гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаас зайлсхийх, ял завших явдал гаргуулахгүй байх, гэмт хэрэг үйлдсэн этгээд эрт орой хэзээ нэгэн цагт түүнийхээ төлөө хариуцлага хүлээж байх бүх нөхцөлийг бүрдүүлэхэд үйлчилнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүн бүр заавал хариуцлага хүлээдэг байх нь эрүүгийн хуулийн урьдчилан сэргийлэх нөлөөллийн ач холбогдлыг илэрхийлэх гол арга болдог байна.

ШҮҮХИЙН АКАДЕМИ