ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮХЭЭР ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН АВЛИГЫН ХЭРГИЙН ТОЙМ
2025-01-15 Админ Хандсан тоо: 264 ХуваалцахАвлига, албан тушаалын гэмт хэргийг шүүхийн шатанд хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх тоон мэдээллийн зөрүүтэй байдлыг тодруулах үүднээс 2017-2023 онд нийт шүүхүүдээс Шүүхийн Ерөнхий зөвлөлд ирүүлсэн тайланг шүүн үзэж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын судлаачдын нэгтгэн судалсан судалгаанаас иш татаж, энэхүү статистик мэдээллийг хүргэж байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд дээрх 7 жилийн хугацаанд Прокуророос авлига, албан тушаалын гэмт хэргээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн 2856 хүнд холбогдох 1038 хэргийг хүлээн авчээ.
Үүнээс 1920 хүнд холбогдох 752 хэргийг хянан шийдвэрлэж, 51 хэрэгт холбогдох 165 хүнийг гэм буруугүй үндэслэлээр цагаатгаж, 163 хүнд холбогдох 23 хэргийг бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 24 хэргийг түдгэлзүүлж, 20 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 578 хүнд холбогдох 183 хэргийг хуульд заасан үндэслэлээр прокурорт буцаажээ.
Эх сурвалж: ШЕЗ, УДШ
Дээр дурдсан судалгааны дүнгээс үзэхэд прокуророос шүүхэд шилжүүлсэн авлигын хэргийг эцэслэн шийдвэрлэлт 72,44% хувьтай байна.
Дээрх мэдээллийг Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны тайлан мэдээтэй харьцуулж үзэхэд 2017-2023 оны хугацаанд тус газраас Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт хамаарах нийт 8,860 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс 1,578 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлснээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт 852 хэргийг хянан шийдвэрлэжээ. Энэ нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэргийн 53.9 хувь, нийт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн 9.6 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Дээрх хугацаанд 2,988 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, нийт авлигын хэргийн 33.7 хувийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байна.
Эх сурвалж: АТГ-ын үйл ажиллагааны тайлан
Ийнхүү шүүхээр хянан шийдвэрлэсэн авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар дээрх хоёр албаны эх сурвалжаас авсан тоон мэдээлэл зөрүүтэй байгаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн өмнөх жилийн үлдэгдлийг хэрхэн тооцсоноос хамааран ялгаатай гарсан гэж үзэхээр байна.
ШҮҮХИЙН АКАДЕМИ