ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СЭЖИГТНИЙГ БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХУУЛЬД ЗААСАН ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ
2025-01-08 Админ Хандсан тоо: 226 ХуваалцахИргэн П.Цагаан болон иргэн Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай асуудалтай холбоотой түгээмэл гарч байгаа асуултад хариулт өгөх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагааг тайлбарлан хүргэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр, хойшлуулшгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагааг явуулж болно гэж заажээ.
Процессыг доорх зураглалаас харна уу.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг дараах үндэслэлүүдээр баривчлах үндэслэлтэй хэмээн заасан байдаг.
- Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа уг тогтоолыг танилцуулахаар сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан бол;
- Оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол;
- Мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол;
- Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол;
- Нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол;
Иргэн П.Цагаан болон иргэн Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай асуудлын тухайд Нийслэлийн прокурорын газраас Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгох санал гаргаж, улмаар энэхүү саналыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргажээ.
Шүүхийн шийдвэрийн тоймыг энд дарж үзнэ үү.
Шүүх нь прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор сэжигтнийг баривчлах эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй байдаг.
Дурдагдсан хэргийн тухайд прокурор шүүхэд асуудлыг 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 цаг 10 минутад хүлээлгэн өгчээ. Үүнийг шүүх хуульд заасан хугацаанд буюу 24 цагийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хэргийг хянан шийдвэрлэсэн хугацааг бусад төрлийн шүүх ажиллагааны хугацаатай харьцуулах болон богино хугацаанд шийдсэн мэтээр тайлбарлах боломжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоог шүүхийн өмнөх үе шат болон шүүхийн үе шат гэсэн хэсгүүдэд хуваан авч үздэг. Шүүхийн өмнөх шатанд мөрдөгч хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, прокурор хяналт тавьдаг бол шүүхийн үе шатанд хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд давж заалдах болон хяналтын шүүх хэргийг хянан шийдвэрлэдэг байна.
Дээр дурдагдсан хэргийн тухайд хэргийн гэм буруугийн болон бусад асуудлыг шийдвэрлэх шүүхийн процесс эхлээгүй бөгөөд зөвхөн шүүхийн өмнөх шатны үйл ажиллагаа явагдаж байгааг дурдах нь зүйтэй болов уу.
П.Цагаан нарын хэргийн тухайд процессыг доорх зураглалаас харна уу.