ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2024-06-01 Админ Хандсан тоо: 580 Хуваалцах

   Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран  Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

   Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа үг хэлэв.

   Тэрбээр “Шүүхийн үйл ажиллагааны эрхэм зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, нийгэмд шударга ёсыг  бэхжүүлэхэд чиглэгддэг бол үүнийг бие даасан шүүхийн тогтолцоо, хараат бус, зохих ёсоор бэлтгэгдсэн  чадварлаг шүүгч, хувь хүний хүчин зүйлээс салгаж ойлгох  аргагүй юм. Захиргааны хэргийн шүүгчдийг мэргэшүүлэх үе шаттай тогтмол сургалтыг зөв агуулга хэлбэрээр оновчтой тогтоож, зохион байгуулахад гүнзгий анхаарч, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран ажиллаж ирлээ. Шүүгч хүний өөртөө цогцлоосон мэдлэг чадвар, өндөр ёс зүйн хослол бол жинхэнэ үнэт зүйл бөгөөд эрдэм мэдлэгийн хүч чадал нь хүний өөртөө итгэх итгэл, дотоод ухамсрыг сэргээж, өөр бусдаас хараат бусаар оршин тогтнох бодит тулгуур болно. Иймд захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн онолын мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухааны судалгааны арга зүйд сургах академик ажлыг урамшуулан дэмжих зорилгоор Захиргааны хэргийн танхим Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран  Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн дунд илтгэл бичих, судалгааны ажил хийх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, урамшуулан дэмжих ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн энэхүү эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдэж буй 8 илтгэл нь захиргааны процессын хэлэлцүүлэгт чухал асуудал хөндөж буйгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулдаг шүүгч нараас шүүхийн практикт үндэслэн бодит судалгаанд тулгуурлан асуудал дэвшүүлж буйгаараа туйлын онцлогтой юм. Шүүгч нарт судалгааны ажлын аргазүйн дэмжлэг үзүүлж ажилласан  энэхүү бага хурлыг зохион байгуулахад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, түүний судлаач нарт гүн талархал илэрхийлье. Шүүн таслах үндсэн үйл ажиллагааны цаг наргүй  нөр их ажлын хажуугаар биеэ дайчилж, өөрийгөө хөгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил  бичиж цаг зав гаргасан нийт шүүгчдэдээ баяр хүргэе.  Эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн та бүхэндээ Захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

   Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн түүхэн өдрийг угтаж зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд Монголын нийт Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулсан юм.

   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ  “Захиргааны хэргийн шүүхийн ач холбогдлыг хоёр үндсэн хүчин зүйлтэй холбон үздэг. Хяналтгүй хууль, хуульгүй дур зоргоороо явж ирсэн төр захиргааны байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьснаар хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж байгаа нь  Монгол Улсад ардчилсан эрх зүйт төрийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй  хувь нэмэр оруулж буй хэмээн үздэг” талаараа тухайлан тэмдэглэж, Захиргааны шүүхийн үе, үеийн шүүгчид, албан хаагчдад 20 жилийн ойн мэндийг дэвшүүлжээ.

    Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг эрдэм шинжилгээний хуралд биечлэн оролцож, “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Захиргааны хэргийн дагнасан шүүх энэ зэрэгт хүрч, бэхжихэд  туулсан зам хялбар байгаагүй. Хүний нөөц, хууль эрх зүйн, шүүхийн тогтолцооны зэрэг бэрхшээл саад байсан. Гэвч чигч шударга, эрдэм мэдлэгтэй боловсон хүчнийхээ нөөцөд тулгуурлан Захиргааны мэргэшсэн шүүхийг буй болгожээ. Захиргааны хэргийн шүүхийг ийнхүү тусгайлан байгуулсан нь эрх зүйн хөгжлийн нэн шинэ шатыг нээж, ардчилсан төрийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг” мэндчилгээндээ онцлон тэмдэглэж, Захиргааны хэргийн шүүхийн нийт шүүгчид, албан хаагчдын нийгэмд шударга ёсыг тогтоох их үйлсэд нь амжилт хүслээ.

   Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн Сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр мөн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Дагнасан шүүх мэргэшсэн шүүгчтэй байхын давуу тал бол мэргэшсэн шүүхийн хууль хэрэглээ, хууль тайлбарлах онолын үндэслэлтэй арга, ажиллагаа байдаг, энэ нь шүүхийн хараат бусаар хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, үндэслэлтэй байх суурь нь болно. Үүний зэрэгцээ  шүүгч нь ёс зүй сахилгыг сахих нь ч мөн дээрх мэргэшсэн байгааг илтгэн харуулдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Хууль дээдлэх, шударга ёсыг нийгмийн амьдралын бүх хүрээнд бүрэн утгаар нь хэвшүүлэн тогтооход чухал үүрэг гүйцэтгэж буй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд та бүхэндээ ойн баярын мэндийг дахин хүргэе. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах, ил тод, нээлттэй, шударга шүүн таслах ажиллагаа та бүгдийн  мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүйтэй, хариуцлагатай байдлаас хамаарах энэхүү шүүх байгуулагдсаны энэ түүхэн цаг үед бид дагнасан шүүхийн хөгжил, захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэхээр цуглаад байна. Өнөөдрийн хуралд нь амжилт хүсэхийн сацуу та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээлээ.

   Энэ үеэр Захиргааны хэргийн шүүхийн анхны шүүгчдийг төлөөлж, Улсын дээд шүүхийн шүүгч асан Ч.Тунгалаг  мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн захиргааны хэргийн дагнасан шүүхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүгч нар, албан хаагчдад салбарын болон төрийн өндөр дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа боллоо.

   Ийнхүү эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, үндсэн илтгэл, хэлэлцүүлгийн цаг эхэлсэн юм. Хурлын илтгэгчээр Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Дуламсүрэн,  Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч С.Цэрэндолгор нар оролцсон юм.

 

                                                                                                                                   Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ