ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-30 Админ Хандсан тоо: 486 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр Захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдэд зориулсан мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

   Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа сургалтыг нээж хүрэлцэн ирсэн шүүгчдэд тус сургалтын агуулга, ач холбогдол болон Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас цаашид хуулийн тайлбар дагасан сургалтыг үе шаттай зохион байгуулах талаар мэдээлэл хүргэж, сургалтад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлэв.

   Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус сургалтын эхний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Ашигт малтмалын талбайг төрийн болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговор олгуулах маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал’’, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбоотой захиргааны үйл ажиллагааны маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал’’, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар “Ашигт малтмалын болон газрын эрх зүйн харилцааны хүрээнд гарч буй маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын маргаан шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт удирдан явууллаа.

   Сургалтын хоёр дахь өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Нэмэгдсэн өртгийн албан татварын талаарх ойлголт, хуулийн шинэлэг зохицуулалт, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нь” сэдвээр, Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Б.Алтанхуяг, Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаа нар “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаарх ойлголт, татварын маргаан шийдвэрлэхэд системийг ашиглах боломжууд” сэдвийн хүрээнд шүүгчдэд мэдээлэл хүргэв. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны процессын эрх зүй дэх шүүх нотлох зарчим: Албаны болон диспозитив зарчмын уялдаа холбоо”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь нотлох үүрэг, нотлох үүргийн хуваарилалт” сэдвээр хичээл зааж харилцан яриа өрнүүлсэн юм.

   Энэ удаагийн сургалтад 75 шүүгч танхимаар хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ