“А-О” ХХК ЗЭРЭГ 14 КОМПАНИЙН НЭХЭМЖЛЭЛТЭЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ХОЛБОГДОХ МАРГААН
2025-03-27 Админ Хандсан тоо: 184 Хуваалцах

1. Үйл баримт

Монгол Улсын Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр  тогтоолыг баталсан. Тус тогтоолын хавсралт 2-т ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид “АМНАТ” гэх)-ийг тооцохдоо хайлуур жоншны борлуулалтын үнэлгээнд www.indmin.com цахим хуудсан дахь үнийг эх сурвалж болгохоор заасан.

Дээрх хэм хэмжээний актын хавсралтыг үндэслэн  “А-О” ХХК, “А т” ХХК, “Г х” ХХК, “М м” ХХК, “Н” ХХК, “Ш” ХХК, “Ш-О” ХХК, “Б” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Н о” ХХК, “Т-э” ХХК, “Г х” ХХК, “М с” ХХК, “Б о” ХХК гэх 14 компанид 2019-2021 онуудад явуулсан үйл ажиллагаанд АМНАТ-ийн ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын акт тавьжээ.

Нэхэмжлэгч нар нь Монгол-Орос, Монгол-Хятадын хил дээрх хотуудад DAP-Наушки, DAP-Эрээн нөхцөлөөр худалдаа хийж бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг. Ийм байхад инкотермсийн нөхцөлийг зөрчиж Хятадын хайлуур жоншны бүтэгдэхүүний FОВ үнэ (www.indmin.com)  -ээр хайлуур жоншны олон улсын зах зээлийн үнийг тогтоосон нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцоход зөрчилдөж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль түүний зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн.

Тиймээс хайлуур жонш олборлон экспортолдог 14 компани Засгийн газрын маргаан бүхий дээрх тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргасан байна.

2. Хэргийг шийдвэрлэсэн байдал

Давж заалдах шатны шүүх тус хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ дараах гурван гол үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнд:

Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д “экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд олон улсын жишиг үнийн эх сурвалжийг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсныг үндэслэн Засгийн газар 2016 оны 81 дүгээр тогтоолоор хайлуур жоншны үнийн эх сурвалжийг тодорхойлсон. Нэхэмжлэгч компаниудад оноосон маргаан бүхий актын хавсралт 2-т ногдуулахаар заасан АМНАТ нь хуульд нийцсэн бөгөөд, нэхэмжлэгч нар олон улсын жишиг үнийг баримтлан борлуулах үүрэгтэй. Мөн маргаан бүхий тогтоол хүчингүй болсон ч хамаагүй нэхэмжлэгч АМНАТ төлөх үүрэг нь хэвээр үлдэнэ.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч компаниуд Засгийн газрын 81 дүгээр тогтоолын маргаан бүхий хэсгийг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэж үзэж, нөлөөллийн шинжилгээг хийгээгүй гэх үндэслэлээр маргасан. Гэвч Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хүрээнд нөлөөллийн шинжилгээг аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар хариуцахаар заасан бөгөөд энэ журам нь Засгийн газарт заавал дагаж мөрдөх шаардлагыг хүлээлгээгүй байна. Иймд Засгийн газрыг тогтоол гаргахдаа уг шинжилгээг хийгээгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дагуу Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор тогтоол гаргах бүрэн эрхтэй. Засгийн газар 81 дүгээр тогтоолыг батлахдаа холбогдох яамдуудын санал авсан, тогтоолын төсөл болон бусад баримт бичгүүдийг боловсруулсан нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар нотлогдсон. Иймд уг тогтоолыг ямар ч судалгаа, тооцоогүй гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй гэж шүүхээс тус тус дүгнэжээ.

Иймд Монгол Улсын Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 81 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд нэхэмжлэгч компаниудын гаргасан тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

Харин хяналтын шатны шүүх (УДШ)-ээс нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг давж заалдах журмаар хэлэлцсэн. Тэгэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хавсралт 2-ын 5 дахь хэсгийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гаргахдаа дараах үндэслэлүүдийг гол үндэслэл болгосон байна.

Нэгдүгээрт, маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын хавсралт 2-т заасан зохицуулалт нь хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжүүд болон “М ж о, ү, э х” ТББ-аас аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд өндөр татварын дарамтад орж, Засгийн газарт удаа дараа хүсэлт, шаардлага хүргүүлсээр ирснийг нотлох баримтад үндэслэн дүгнэсэн. Мөн энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж, 2017, 2018, 2022 онд холбогдох судалгаа, дүгнэлт хийх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч эдгээр ажлын хэсгүүдийн дүгнэлт гараагүй, ямар нэг шийдэлд хүрээгүй байсаар иржээ. Үүний улмаас хайлуур жоншны АМНАТ-ийн тооцооллын аргачлал маргаантай хэвээр үлджээ.

Хоёрдугаарт, захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа, тухайлбал, хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, энэ ... хуульд нийцсэн байх”, 60.1.2 “тусгайлсан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” шаардлагыг хангах, мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага нь жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэх ёстой. Гэтэл эдгээр зарчимд нийцүүлэн маргаан бүхий хэм хэмжээний актыг мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийгээгүй нь дээрх зарчмуудад нийцсэн эсэх нь тодорхойгүй байна.

Маргаан бүхий тогтоолын хавсралт 2-ын 5-д хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг Хятадын Тяньжин боомтын FOB нөхцөлийн үнэд тулгуурлан тооцохоор заасан. Гэтэл Монголын аж ахуйн нэгжүүд хайлуур жоншоо ихэвчлэн Монгол-Хятадын Эрээн боомт, Монгол-Оросын Наушки боомтоор DAP нөхцөлөөр худалдаалдаг ба FOB үнэ гэдэг нь далайн боомтоос ачуулсан бүтээгдэхүүний үнэ юм. Энэ нь хайлуур жонш олборлогчдын бодит борлуулалтын үнээс хамаагүй өндөр байгааг ААН-үүд илэрхийлсээр ирсэн байдаг. Тийм учраас хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийх, оролцогчийг сонсох, сонгох боломжийг зөв хэрэгжүүлэх замаар хэм хэмжээний актыг дахин батлан гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна гэж дүгнэсэн.

Иймд нэхэмжлэгч нарын гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

3. Процесс, үр дагавар

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 81 дүгээр тогтоолын хавсралт 2-ын 5-д заасан маргаан бүхий зохицуулалтыг түдгэлзүүлээд 50 хоног өнгөрчээ. Шүүхийн шийдвэрийг бичиж байх 2025 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар уг асуудалтай холбоотойгоор Засгийн газраас тогтоолд ямарваа нэг өөрчлөлт оруулаагүй байна.

ШҮҮХИЙН АКАДЕМИ