Бүх насаар хорих ял оногдуулж болох хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй
2024-05-08 Админ Хандсан тоо: 167 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр №384

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2024.4.17 шийдвэр-тойм: №9

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Г нь хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Г-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд, прокуророос яллагдагчид яллах дүгнэлтийг гардуулсан ажиллагаа нь хуульд нийцээгүй байна гэж үзээд прокурорт буцаажээ.Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлээр Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд, мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар татсан тогтоол танилцуулж, мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь хууль зөрчсөн байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “бүх насаар хорих ял оногдуулж болох хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдуулан явуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхээ хэрэгжүүлэх чадвар, бичиг үсгийн боловсрол, холбогдсон хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан заавал өмгөөлөгч оролцуулахаар хуульчилсан нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 3.(d)-д заасан “…өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь  мэдэгдсэн байх; шүүн таслах ажлын эрх ашиг шаардаж байвал ямар ч тохиолдолд, өөрт нь томилсон өмгөөлөгчтэй байх, ийм аливаа тохиолдолд өмгөөлөгчийн хөлсийг төлөх хүрэлцээтэй мөнгө хөрөнгө байхгүй бол үнэ төлбөргүй үйлчлүүлэх; …” эрхийг үндэсний хууль тогтоомжоор эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн явдал юм.

Өөрөөр хэлбэл, төр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд нэн даруй, үр дүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх баталгааг бий болгох олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ баталгаажуулан хуульчилсныг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгч оролцуулаагүй нь хууль зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс уг үндэслэлийг нэмж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэв.   

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр