ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ЧӨЛӨӨТЭЙ БАЙСАН НЬ ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ АВАХ ЭРХИЙГ ХӨНДӨХГҮЙ
2026-04-15 Админ Хандсан тоо: 16 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112/ШШ2026/0010
Тоймын огноо, дугаар: 2026 оны 04 дүгээр сарын 06, Дугаар 03
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно .
Төрийн албан хаагч А нь 2020-01-17-ны өдрөөс 2020-02-21-ний хооронд ээлжийн амралттай байсан бөгөөд 2 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, 2021 оны 6, 7, 8 сард эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч нийгмийн даатгал төлөгдөөгүй, 2023 оны 3, 4 сард мөн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч, нийгмийн даатгал төлөгдөөгүй байжээ.
Улмаар орон нутгийн нэмэгдэл авах гэтэл захиргаанаас “чөлөө авсан хугацаанд нийгмийн даатгал төлөгдөөгүй, тасралт үүссэн, 5 жил хүрэхгүй учир мөнгөн тэтгэмжийг олгохгүй” гэж маргав.
Шүүх нэхэмжлэлийг хангасан.
Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэж заасан.
Гэхдээ тухайн журмаар тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцох нөхцөлүүдийг тусгайлан заасан байх бөгөөд “эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа”-г тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцохоор зохицуулсан байна.
Нэхэмжлэгч А эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар чөлөө авсан нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд түүний ажилласан хугацааг тасарсан гэж үзэхгүй бөгөөд Төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохыг тухайн сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах