ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭНД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-04-05 Админ Хандсан тоо: 821 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн 2024 оны шүүгчийн сургалтын тандан судалгааны үр дүнг үндэслэн бүх шатны шүүхийн шүүгчдэд зориулан “Үндсэн хуулийн хэрэглээнд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтыг Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн Арван дөрөв болон Арван зургаадугаар зүйлийн заалтууд зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийх задаргаа мөн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах онцлог болон Үндсэн хуулийн бусад зүйл зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийх онцлог" зэрэг дэд сэдвийн хүрээнд удирдан явуулав.
Энэ удаагийн сургалтад хамрагдсан шүүгчид Үндсэн хуулийн утга агуулга болон зүйл, заалтад дүн шинжилгээ хийх ур чадвараа нэмэгдүүлж, хууль, нэг бүрчилсэн шийдвэр, эс үйлдэхүй Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэрхэн хянах аргачлал, Үндсэн хуулийн хэрэглээнд зайлшгүй шаардлагатай шинэлэг зарим ойлголт, ухагдахууны талаар мэдлэгээ бататгав.
Энэхүү сургалтаар шүүгчид 2024 оны заавал судлах сургалтын 0.5 багц цагийг хангах ба энэ танхимын сургалтад хамрагдаагүй бусад шүүгчдэд зориулан тус сургалтын видео хичээлийг Шүүгчийн сургалтын цахим системд байршуулж хүргэх юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ