УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ШҮҮГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-06-27 Админ Хандсан тоо: 127 Хуваалцах

Шүүхийн академи, Ханнс-Зайделийн сантай хамтран Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдэд зориулан “Кибер гэмт хэргийн онцлог, эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 1993 оноос эхлэлтэй Монгол улсын эрх зүйн салбарын хөгжил цэцэглэлт, ардчиллын суурь бүтэц тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах төв байгууллагын харъяа Бамберг хотын Ерөнхий прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Стефан Шел “Кибер гэмт хэргийн онцлог, эрх зүйн зохицуулалт, төрөл”, “Кибер гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа”, “Цахим нотлох баримт төрөл, цахим баримтыг үнэлэх шалгуур” сэдвийн хүрээнд удирдан явууллаа. Сургалтад Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 7 шүүгч хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ