ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭН, ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЛЭЛЭЭ
2024-04-01 Админ Хандсан тоо: 719 ХуваалцахШүүхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон шүүгчийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд мэргэшүүлэн, дадлагажуулах зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд сургалтад хамруулж эхлэлээ.
Сургалтыг нээж, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, ШССМХ-ийн захирал Д.Эрдэнэчимэг шинээр томилогдсон шүүгчдэд баяр хүргэн, сургалтад нь амжилт хүсэж, үг хэлсэн юм.
Тус сургалтын зорилго нь шүүгчийн мэдвэл зохих онолын ойлголт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрх зүйн хэм хэмжээг оновчтой хэрэглэх арга барилыг эзэмшүүлэх, хууль хэрэглэх ур чадвар, эрх зүйн соёлыг дээшлүүлэхэд чиглэгддэг. Энэхүү сургалт хоёр үе шатаас бүрдэх бөгөөд эхний шатанд шүүгчид “Шүүгчийн сургалтын цахим систем”-ээр дамжуулан цахимаар хичээл судлах ба цахим хичээлээс олж авсан мэдлэгээ бататгах зорилгоор танхимаар дахин суралцдагаараа онцлогтой. Мөн энэ удаагийн сургалтад Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 2023 оны 07 дугаар сараас хойш томилогдсон нийт 32 шүүгч хамрагдаж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Хүрээлэнгийн 16 сургагч багш сургалтыг удирдан явуулна.
Эхний өдрийн сургалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ШССМХ-ийн Сургалтын хөтөлбөрийн орон тооны бус хорооны гишүүн, сургагч багш Т.Мөнх-Эрдэнэ “Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн сэтгэл зүйч Б.Нямаа “Шүүхийн сэтгэл зүй, шүүгчийн харилцаа хандлага” сэдвээр тус тус хичээл заав.
Дараагийн өдрүүдэд зохион байгуулагдах Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалтын хөтөлбөртэй энд дарж танилцана уу.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ