СУУЦ ӨМЧЛӨГЧ НЬ СӨХ-ИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ
2024-02-16 Админ Хандсан тоо: 644 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.06.21 №210/МА2023/01232

Тоймын дугаар, огноо:  2024.02.15. №2 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: “Э” СӨХ нь иргэн П.А-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн. П.А нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “СӨХ-ийн төлбөрийг бүх гишүүдийн хурлаар тогтоогоогүй, СӨХ ажлаа сайн хийдэггүй” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч “Э” СӨХ гомдол гаргасан байна. 

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан үзээд, иргэн П.А нь тухайн орон сууцанд оршин суудаг бөгөөд өмчлөгч мөн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. 

Иргэн П.А нь татгалзалдаа дурдаж буй “СӨХ-ийн төлбөрийг бүх гишүүдийн хурлаар тогтоогоогүй” гэх асуудлыг тухайн СӨХ-нд гаргаж, шийдвэрлүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, СӨХ ажлаа сайн хийдэггүй гэх тайлбар нь хуулийн дагуу үүсэж буй үүрэг болох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Өөрөөр хэлбэл, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугч бүр хуульд заасан журмын дагуу СӨХ-нд төлөх үүрэгтэй буюу энэ нь хуулийн дагуу үүсэж байгаа тогтмол гарах зардал гэж дүгнэн, иргэн П.А-аас СӨХ-ны төлбөрийг гаргуулж, “Э” СӨХ-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/27749?daterange=2023-06-21%20-%202023-06-21&id=2&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж