ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ БУСДЫГ ӨДӨӨН ХАТГАЖ, ОЛОН НИЙТИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭЖ БИЕЭ АВЧ ЯВАХ НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭМ ХЭМЖЭЭГ ЗӨРЧСӨН” ГЭХ ЗӨРЧИЛД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ САНАЛ
2025-05-29 Админ Хандсан тоо: 27 Хуваалцах

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны

анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн огноо: 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

Шийдвэрийн дугаар: 2025/ЗШ/9147 №20

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуульд заасан “олон нийтийн газарт бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн” гэх зөрчилд шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн Г.С-д холбогдох зөрчлийн хэрэг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд ирсэн.

Шүүх зөрчлийн хэргийг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт шийдвэрлэхээр хуульд заасан тул шүүх хуралдааныг товлон зарлаж ажлын 2 хоногийн дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаан болж, шүүх хуралдаан нээлттэй явагдсан ба шүүх хуралдаанд прокурор, эрх бүхий албан тушаалтан, холбогдогч нар оролцож, сонирхсон 5 иргэн ажиглагчаар оролцох хүсэлт гаргасныг хүсэлтийг хүлээн авч оролцох боломжоор хангасан.

Шүүх хуралдаан эхлэх үед холбогдогчоос шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн “...өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах...” эрхийг хангаж, оролцогч нарын саналыг харгалзан 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан.

Энэ өдөр холбогдогч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон ба түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хангаж 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 2 дахь удаа шүүх хуралдаан хойшилсон.

2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр холбогдогчийн өмгөөлөгч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүх хуралдаан давхардсан гэх хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг мөн хойшлуулав.

2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор, эрх бүхий албан тушаалтан, холбогдогч нар оролцсон бөгөөд өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно гэж заасан ба өмгөөлөгчийн энэхүү үндэслэл нь хоёр удаа давтагдаж байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь түргэн, шуурхай, богино хугацаанд явагдаж, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, хамгаалах зорилготой ба шүүх холбогдогчийн өмгөөлүүлэх, хэргийн материал танилцах эрхийг хангаж, мөн түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулж энэ өдөр хэлэлцэв.

Шүүх хуралдаан үргэлжилж шүүх хуралдааны дэг, хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулсны дараа холбогдогч нь шүүх хуралдааны дэг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эхний удаад сануулж, хоёр дахь удаад хуралдааны танхимаас гаргаж, шүүх хуралдаанд прокурор, нарийн бичгийн дарга, эрх бүхий албан тушаалтан оролцож, ажиглагчаар оролцсон 2 иргэн байлцаж хуралдаан нээлттэй явагдсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан ба хэн боловч төрийн тусгай хамгаалалтын бүсэд холбогдох албан тушаалтантай уулзах, нэвтрэх тохиолдолд албан ёсоор цаг авах, бүртгүүлэх, нэвтрэхдээ зохих журмын дагуу шалгуулах, холбогдох журмыг баримтлах, хууль ёсны шаардлага биелүүлэх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг баримтлах учиртай.

“Олон нийтийг үл хүндэтгэх” гэдэгт хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, түүнчлэн үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн, тэдгээрийг илэрхий үл ойшоосон үйлдэл хийхийг ойлгоно.

Холбогдогч Г.С-ын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Төрийн ордны хаалганы орчимд 20 орчим иргэний хамт ирж нэр бүхий УИХ-ын гишүүний туслахтай уулзах, түүнийг гаргаж ирэхийг шаардан орилж, Төрийн ордны хашаан дээр авиран гарч, хамгаалалтын ажилтан түүнд шаардлага тавьж буулгасны дараа дахин хашаанд авирч хэрүүл маргаан үүсгэж, орилж хашгирч биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйл баримт нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн 5 ширхэг си-ди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Зөрчлийн тухай хуульд заасан “олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн” гэх зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

Харин холбогдогчийн “олон нийтийн газарт бусдыг өдөөн хатгаж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн” гэх зөрчил нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангалттай тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зөрчлийн тухай хуульд заасан танхайрах зөрчил үйлдсэн хүнд торгох болон баривчлах шийтгэлийн аль нэгийг сонгон оногдуулахаар хуульд заасан ба холбогдогчийн зөрчил үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан торгох шийтгэл оногдуулсан болно.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал