АЖИЛТНЫГ ХУУЛЬ БУСААР АЖЛААС ХАЛСАН АЛБАН ТУШААЛТАН ТӨРД УЧИРСАН ХОХИРЛЫГ ӨӨРӨӨ ХАРИУЦАН АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ
2024-02-16 Админ Хандсан тоо: 214 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01580 дугаар магадлал

Тоймын дугаар, огноо: 2024.01.16 №1

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга: Албан тушаалтан Э.Б нь газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалаас ажилтан М.О-г 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар чөлөөлжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн магадлалаар ажилтан М.О-г чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11,311,638 төгрөгийг төрийн байгууллагаас гаргуулж М.О олгохоор шийдвэрлэсэн. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,432,549 төгрөгийг М.О-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан 15,744,187 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж М.О-д олгосон байна. Нэхэмжлэгч төрийн байгууллага нь хууль бус тушаал гаргаж, төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн албан тушаалтан Э.Б-с төрд учруулсан хохиролд дээрх 15,744,187 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байна.

Хариуцагч Э.Б нь шүүхэд “... Төрийн албаны тухай хууль (2002 оны)-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах тул төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх төрийн байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.О-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11,311,638 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны олговор 4,432,549 төгрөг, бүгд 15,744,187 төгрөгийг албан тушаалтан Э.Б-с гаргуулахаар шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Албан тушаалтан Э.Б-с 11,311,638 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчийг хууль бусаар халсныг шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан Төрийн албаны тухай хуультай нийцсэн гэж үзэв. 

Харин, албан тушаалтан Э.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш М.О-г ажилд томилоогүй үйл баримтад Э.Б нь гэм буруугүй байх тул уг хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,432,549 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд ажилтныг ажилд авч ажиллуулаагүй нь шинээр томилогдсон даргын гэм буруутай эс үйлдэхүйтэй холбоотой тул Э.Б нь шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойших олговрыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/28884?daterange=2023-01-01%20-%202024-0112&id=2&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр