ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР НЭГЭНТ ТОГТООГДСОН ҮЙЛ БАРИМТЫГ ДАХИН НОТЛОХГҮЙ
2023-12-12 Админ Хандсан тоо: 454 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 118/ШШ2023/0030

Тоймын дугаар, огноо:  №18, 2023 оны 09 дүгээр сарын 20

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн Б-д малчны өндөр насны тэтгэврийг 2018 оны 11 сараас эхлэн олгохоор тогтоохдоо нэхэмжлэгчийн мал маллаж байсан байдлыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон бусад баримтыг үндэслэсэн.

Гэвч “Хуурамч баримт бүрдүүлэн, хууль бусаар тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын санг хохироосон” гэх үндэслэлээр 45 сарын туршид олгогдсон тэтгэвэр буюу 16 160 430 төгрөгийг иргэн Б-ээр буцаан төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 09/80 дугаар актаар шийдвэрлэсэн байна.

Иргэн Б “Миний малчнаар ажиллаж байсныг иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон, ямар нэгэн хуурамч баримт бүрдүүлж өгөөгүй, энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй” хэмээн нэхэмжлэл гарган шүүхэд ханджээ.

Шүүх “Өндөр насанд хүрсэн даатгуулагчийн хуулиар хамгаалагдсан нийгмийн баталгааг алдагдуулсан бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах хууль дээдлэх болон шударга ёсны зарчимд нийцээгүй” гэж үзэж нийгмийн даатгалын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ иргэн Б-ийн ажилласан байдлын талаарх мэдээллийг агуулсан хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын байгууллагад өөрт нь хадгалагдаж байхад 2018 онд малчны өндөр насны тэтгэвэр тогтоох үедээ холбогдох баримтуудыг нягтлан шалгалгүйгээр тэтгэвэр тогтоох асуудлыг шийдвэрлэсэн атлаа “өөрт холбоотой зарим мэдээллийг нууж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” хэмээн дан ганц нэхэмжлэгчийг хожим буруутгаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, нөхөн төлбөрийн акт тогтоосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13520?daterange=2023-01-01%20-%202023-10-10&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг