ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ШҮҮХИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
2023-11-16 Админ Хандсан тоо: 479 Хуваалцах

    Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Д.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотод ажиллах үеэрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Шүүхийн хүрээлэнг хариуцсан Орлогч захирал Марко Алемантай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцов.

    Монгол Улсын Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн болон ДОӨБ-ын Шүүхийн хүрээлэн уг хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын шүүгчдэд оюуны өмчийн мэдлэг олгох, шүүгчдийн чадавхыг дээшлүүлэх, оюуны өмчид хамаарах шүүхийн шийдвэрийг нэгтгэн ДОӨБ-ын мэдээллийн санд байршуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

    ДОӨБ-ын Шүүхийн хүрээлэн нь гишүүн орны шүүх засаглалын холбогдох байгууллагуудтай хамтран тухайн орны эрх зүйн тогтолцооны онцлогт нийцсэн дэмжлэг үзүүлэх замаар гишүүн орны оюуны өмч, инновац, бүтээлч экосистем нь тэнцвэртэй, үр ашигтай байх чухал нөхцөлийг бий болгох чиг үүрэгтэй. Тус хүрээлэн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шүүгчийн форум” арга хэмжээг зохион байгуулах, улс орны шүүхийн систем ба оюуны өмчид хамаарах шийдвэрт судалгаа хийх, ДОӨБ-ын Хууль эрх зүйн мэдээллийн санг удирдах, хандах боломжийг хүртээмжтэй болгоход анхаарах, гишүүн орнуудын болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шүүх засаглалын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж, хүрээлэнгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажилладаг байна.

                                    

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ