ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЛОМБАРД НЬ ЗЭЭЛДЭГЧЭЭС ЭД ХӨРӨНГИЙГ ӨӨРИЙН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛЭХИЙГ ШААРДАХ ЭРХГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 137 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.10-ны өдрийн 102/ШШ2022/00447 дугаар шийдвэр
Тоймын дугаар, огноо: №1, 2023-01-27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Н” ХХК нь иргэн Ж-д холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 53,307,973 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Ж нь “зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг аваагүй, “Н” ХХК нь миний Тоёота ланд круйзер-200 маркийн машиныг өмчлөлдөө шилжүүлж авсан, автомашиныг худалдан борлуулж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон” гэж маргасан байна.
Нэхэмжлэгч нь Ж-г зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй үндэслэлээр автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үүнээс нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрөөс хасч тооцон, үлдсэн зээлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардсан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Н” ХХК нь иргэн Ж-тэй зээлийн гэрээ байгуулж 48,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3,90 хувийн хүүтэй зээлүүлэх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. Зээлдэгч Ж нь зээлийн хүүнд 14,860,945 төгрөгийг төлж, зээлийг гэрээний дагуу үлдсэн төлбөрийг буцаан төлөөгүй тул зээлийн төлбөрт Ж-ийн өмчлөлийн Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд гэрээгээр шилжүүлэн авсан тогтоогджээ.
Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард болон “банк, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд”-ийн зээлийн хүү тооцох журам өөр тул ББСБ-д зээлийн хүү тооцох журмыг энэ тохиолдолд баримтлахгүй, ломбардад нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй.
Шүүхээс, Ж-г үндсэн зээл болон гэрээгээр тохирсон зээлийн хүү “сарын 3.90 хувь”-иар тооцож, 4 сарын хугацаанд нийт 55,488,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан, төлсөн зээлийн хүүг хасаад, зээлийн гэрээний үүрэгт үлдэх 40,627,055 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Ломбард нь зээл олгохдоо зээлдэгчээс барьцаа шаардах эрхтэй, харин зээлийн төлбөрт Ж-ийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авч, улмаар худалдан борлуулсан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ байна.
Энэ тохиолдолд, автомашиныг Ж-д буцаах боломжгүй болсон тул уг автомашиныг худалдсан үнээр тооцож, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: shuukh.mn/single_case/111143?daterange=2020-01-01%20-%202023-01-25&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа