ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Зөрчлийг арилгаж, газрыг үргэлжлүүлэн эзэмших эрхтэй
2025-09-22 Админ Хандсан тоо: 18 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын огноо, дугаар: 2025 оны 04 дүгээр сарын 10, Дугаар 02
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч нараас: “хорооллын айлуудын орж гарах зам, машины зогсоол, иженерийн шугам сүлжээ, цахилгаан дулаан, ус хангамж бүхий газар олгогдсон, хүүхдүүдийн тоглож наадах талбайд газар эзэмших эрх сэргээсэн, мөн 2 жил дараалан газраа ашиглаагүй” гэж, Хариуцагч: “бусдын эрх ашгийг зөрчихгүйгээр, барилгын норм ба дүрмийг хангуулах боломжтой, нэг нэгнийхээ газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй” гэж, Гуравдагч этгээдээс: “энэ байр өөрөө зөрчилтэй баригдсан, манай газар дээр байрласан бохир дамжуулах шугам сүлжээг өөрийн зардлаар шилжүүлсэн, зураг төслөө магадлалаар оруулж бэлтгэсэн, норм дүрэм зөрчөөгүй” гэж тус тус маргадаг.
Нэхэмжлэгч нарын орон сууц 2015 онд ашиглалтад орсон байх бөгөөд уг барилгыг барихдаа өөрийн эзэмшил газрын тэн хагасаас урагшлуулан нийтийн эзэмшлийн талбайд уг барилгыг барьсан байна. Гэхдээ гуравдагч этгээдийн эзэмшил газар, нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхцалгүй.
Гуравдагч этгээдийн газрыг 2014 онд эзэмшүүлсэн бөгөөд “орон сууц” гэсэн зориулалттай, газар олгож, 2018 онд хүчингүй болгожээ. 2021 онд газар эзэмших эрх сэргээхдээ газрын хэмжээ, “4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц” барих зориулалтыг өөрчлөөгүй.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хуульд зааснаар аймгийн төвийн сумын инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшигч этгээд нь уг газартаа барилга барих эрхтэй байна.
Гуравдагч этгээд нэхэмжлэгч нарын орон сууцны бохир зайлуулах шугам сүлжээг зөөж байршуулсны улмаас байрны гаднах шугам сүлжээ хөлдсөн, бохир үнэртсэн гэх боловч энэ чиглэлийн ариутгах татуургын шугам нь Ф150мм байгаа учир доголдол гарч байна гэж мэргэжлийн байгууллага тодорхойлсон болно.
“А” төрийн өмчит хувьцаат компаниас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч нарын байруудын цахилгааны тэжээлийн утас гуравдагч этгээдийн үйл ажиллагааны улмаас гэмтсэн, үүнийг улмаас ил утас татсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэвч энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг цуцлах нь учир дутагдалтай. Эрчим хүчээр хангагч байгууллага болон гуравдагч этгээд энэ нөхцөл байдлыг норм стандартын дагуу засварлаж хэвийн байдалд оруулан, осол гэмтлээс сэргийлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нарын орон сууц ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 10 жил гадна орчны тохижилт хийгдээгүй, автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайгүй байгаад гуравдагч этгээдийг буруутгах нөхцөлгүй байна.
Харин гуравдагч этгээдийн газар дээр баригдах барилга байгууламжийн хувьд барилга байгууламжийн норм нормативын шаардлагыг хангаж баригдах ёстой. Энэ шаардлагыг хангуулах нь хариуцагчийн үүрэг байна.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн