ХУУРАМЧ БАРИМТ БИЧИГ БОЛОН ЦАХИМ ХЭРЭГСЭЛ АШИГЛАН “Г” БАНКИЙГ ТӨӨРӨГДӨЛД ОРУУЛАН ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
2023-10-04 Админ Хандсан тоо: 172 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шийдвэрийн дугаар: 2021 оны 11 сарын 11 өдөр 961 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

2022.11.15 шийдвэр-хураангуй: дугаар

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Агуулга:  “Ө” нь “Г банк” ХХК-д харилцааны менежерээр ажиллаж байхдаа хуурамч баримт бичиг болон цахим хэрэгсэл ашиглан “Г” банкийг төөрөгдөлд оруулан нэр бүхий 5 хүний нэр дээр зээлийн эрхтэй карт нээлгэж, нийт 266.353.808.51 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос “Ө”-г залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Анхан шатны шүүх “Ө”-г баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Харин давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч “Ө” болон түүний өмгөөлөгч “Г” нарын зүгээс “...уг гэмт хэрэг нь завших гэмт хэргийн шинжтэй байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. 

Учир нь, залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны мэт харагдуулж, өмчлөгчийг төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Харин завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг. 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно. 

 Дэлгэрэнгүйтэй  https://shuukh.mn холбоосоор танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ