ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ГЭРЭЭНД ҮНИЙГ ШУУД ЗААГААГҮЙ БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР НИЙТЛЭГДСЭН ТАРИФААР ТООЦНО
2023-09-26 Админ Хандсан тоо: 288 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.15-ны өдрийн магадлал №202/МА2023/0007
Шүүхийн шийдвэрийн тойм №35
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Э нь хариуцагч З Дулааны станц ТӨҮГ-т холбогдуулан халаалтын төлбөрөөс нийт 454168 төгрөг хасуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ орон сууцны халаалтын үнийг аж ахуйн нэгжийн халаалтын үнээр тооцож төлбөрийг тогтоосноос гарсан зөрүүг төлөхгүй, … дулааны төлбөр тооцох хэмжигдэхүүнийг эзлэхүүнээр тооцохдоо эзлэхүүний хэмжээг өөр өөрөөр тогтоосон гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан татгалзалдаа “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн хүрээнд халаалтын төлбөрийг тооцсон, эзлэхүүний хэмжээг тогтоохдоо ...үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн ... м.кв хэмжээг үндэслэн  ... м.куб хэмжээгээр тогтоож, төлбөрийг нэхэмжилсэн” гэжээ
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ буюу эрчим хүчээр хангах гэрээ амаар байгуулагдсан боловч гэрээнд үнийг шууд заагаагүй буюу талууд үнийн талаар тохиролцоогүй тул энэ тохиолдолд хуульд зааснаар үнэ тодорхойлох арга хэрэгслийг хэрэглэж үнийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн.
Энэ нь Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчний тариф, үнийг нийтлэгдсэн тарифаар буюу зохицуулах хорооноос тогтоосон үнэ, төлбөр тооцох нөхцөлийг баримтлан тогтоохоор байна.
Зохицуулах хороо нь “... тариф тогтоох аргачлал боловсруулах, ... хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох ...” эрхээ хэрэгжүүлэхдээ хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ буюу “аж ахуйн харилцааны дүрмийг” баталснаар түүнийг хангагч, хэрэглэгч дагаж мөрдөх учиртай.
Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор батлагдсан “Аж ахуйн харилцааны дүрэм” (дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгчийн хоорондын) - д заасан төлбөр тооцооны ерөнхий нөхцөл ёсоор бол дулааны эрчим хүчний төлбөр тооцооны үндэслэл нь дулааны эрчим хүчээр хангах гэрээнд тусгагдсан дулааны тоолуур, усны тоолуурын заалт, барилгын эзлэхүүн, талбай, зураг төслийн тооцоот хүчин чадал, хүний тоо байх бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд дулааны тоолуургүй хэрэглэгч болох нь зохигчдын тайлбар болон төлбөрийн нэхэмжлэх баримтаар тогтоогдсон.
Тэгэхээр тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох нөхцөл нь маргааны үйл баримтад хамааралтай ба нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцны зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж, тэнд нотариатын үйл ажиллагаа явуулдаг талаар зохигчид маргаагүй байна.
Гагцхүү тухайн үйл ажиллагааг явуулж байгаа хэрэглэгчийн хувьд төлбөр тооцох нөхцөл буюу үнэ тарифын хувьд хэрэглэгчийн ангилал нь  аж ахуйн нэгж, эсхүл орон сууцны халаалтын тарифаар тооцох, улмаар хэмжээсийг эзлэхүүнээр эсхүл талбайн хэмжигдэхүүнээр тооцох эсэх нь дээрх дүрэмд зааснаар тодорхойлогдоно.
Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор батлагдсан “Аж ахуйн харилцааны дүрэм”- д тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох нөхцөлийг орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаагаас бусад тохиолдолд эзлэхүүний хэмжээгээр тооцохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн хувьд орон сууцны барилгыг ийнхүү ахуйн зориулалтаар ашиглаж, тэнд амьдардаг болох нь тогтоогдоогүй тул хариуцагчийн зүгээс дулаан халаалтын төлбөрийг тооцох хэмжигдэхүүнийг эзлэхүүнээр (хэмжих нэгжийг төг/м3) тогтоосон нь буруу биш.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тарифт  заахдаа хэрэглэгчийн ангиллыг төсөвт байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж, орон сууц гэж тодорхойлсон, үүнээс өмнөх тарифт аж ахуйн нэгж байгууллага, айл өрх гэж тодорхойлж байсан.
Нотариатын үйл ажиллагааг ашиг олох зорилготой аж ахуйн үйл ажиллагаа, нотариатчийг аж ахуйн нэгж гэж үзэх үндэслэлгүй хэдий ч энэхүү хэрэглэгчийн ангилалд зааснаас үзэхэд хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт төлбөр тооцох хэмжигдэхүүнийг эзлэхүүнээр буюу хэмжих нэгжийг мхэмжээсээр тооцож байгаа тохиолдолд энэ нь аж ахуйн нэгжийн тарифт үнэлгээнд хамаарч тухайн үнэлгээгээр тооцогдохоор байна.
Харин гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул энэхүү дулаан, халаалтын төлбөр тооцох талбайн эзлэхүүний хэмжээг ашиглаж байгаа зориулалтыг харгалзан талууд тохиролцон дахин тогтоох боломжтой тул хангагч буюу хариуцагчаас тогтоож ирүүлсэн эзлэхүүний хэмжээг шүүхээс өөрчлөн тогтоох үндэслэлгүй гэж үзсэн.
Ийнхүү хариуцагчийн зүгээс тарифт заасан үнийг мөрдөөгүй, эрчим хүчээр хангах гэрээний үнийн талаарх хууль болон дүрэмд заасан журам нөхцөлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/26642?daterange=2023-01-01%20-%202023-05-29&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг