ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРААС ЗАГАС АГНАСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЛЭЭ
2023-09-21 Админ Хандсан тоо: 203 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/56
Тоймын дугаар, огноо:
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Н-нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэр Улаагчны хар нуураас тор тавин 282 ширхэг зарам загас агнасан гэх хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.
“Улаагчны хар нуур” гэх газрыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоожээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3-д “…энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно…” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Х.Н нь хуулийн дээрх заалтыг зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг амьтны аймагт халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр хориглосон хугацаанд хууль бусаар улсын тусгай хамгаалалттай газраас загасыг агнасан байна.
Эрүүгийн хуульд “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.
Түүнд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тогтоохыг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Н-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгов.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 2-т“амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тогтоосон байх тул шүүгдэгч Н-ын амьтны аймагт учруулсан хохирол 3.948.000 /гурван сая есөн зуун дөчин найман мянган/ төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нийт 7.896.00 /долоон сая найман зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч Н-ээс гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/88143?daterange=2023-01-01%20-%202023-05-16&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа