ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ БА ХЭРГИЙН НОТОЛГООНЫ АЧ ХОЛБОГДОЛ
2023-02-13 Админ Хандсан тоо: 224 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2022 оны 12 дугаар сарын 05 өдөр 2022/ШЦТ/228

Тоймын дугаар огноо

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Агуулга: Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн Д.Ч-г цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэлээ гэх шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” мөн хуулийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэмтлийн зэргээр тодорхойлогддог бөгөөд шинжээчийн үндэслэл бүхий дүгнэлтээр гэм буруутай эсэхийг тогтооход шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог учиртай.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд ”Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр” шүүхийн шинжилгээг хийгддэг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна.” гэж заасан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор заавал шинжилгээ хийлгэхийг шаардахаар хуульчилсан.
Хохирогч Д.Ч-ийн биед шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч шүүгдэгч Э.О-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан үйлдэлээс үү аль эсвэл түүнийг зодсон гэх үйлдлээс хохирогч Д.Ч-д хөнгөн гэмтэл учирсаныг ялгаж тогтоогоогүй бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй зөвхөн шинжээчээс авсан мэдүүлгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Мөрдөгч, прокурор, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсний дагуу шүүгдэгч Э.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,
согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:https://shuukh.mn/single_case/82597?daterange=2022-12-01%20-%202022-12-
13&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс