ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХОЙЛОГ ШУВУУ АГНАСАН ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭС ГАДНА, БУУ,ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ
2023-01-13 Админ Хандсан тоо: 157 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 01 дүгээр сарын 03 өдөр 2023/ШЦТ/009
Тоймын дугаар огноо: 01, 2023 оны 01 сарын 13 өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Агуулга: Иргэн Х-г Ховд аймгийн нэгэн суманд “Алтайн хойлог” шувууг “ТОЗ-8” маркийн бууг ашиглан агнасан, өөрийн эзэмшлийн суудлын автомашинаар
тээвэрлэсэн, гэртээ хадгалсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-ын ховор шувууны төрөлд багтсан “Алтайн хойлог” шувуу нь тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй гэх ангилалд хамаардаг, тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосон шувуу.
Эрүүгийн хуульд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5,400,000-27,000,000/ төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х-г хөнгөн гэм хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,
байгаль экологид учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан... “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэдэгт Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж, шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж заасан ба мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэснийг үндэслэн Х-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-8 маркийн 600,000 төгрөгийн үнэтэй буу, УАЗ-31514 маркийн 2001 онд үйлдвэрлэгдсэн,4,241,244 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүйгээр тус тус хураан авч, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсэн.
Шүүгдэгчийн хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавихыг даалгасан.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/83826?daterange=2023-01-01%20-%202023-01-
12&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа