ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС НАС БАРСАН АЖИЛТНЫ АР ГЭРТ ОЛГОХ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДЭЭР ТӨЛҮҮЛНЭ
2023-09-19 Админ Хандсан тоо: 168 ХуваалцахТоймын төрөл: Магадлалын тойм
Шүүхийн нэр, магадлалын дугаар: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэргийн магадлал, 2022.11.04. №40
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Ажил олгогч А, Б нар барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ хуульд заасан зохих зөвшөөрлийг аваагүй, ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөөгүй, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулаагүй, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүргээ зөрчсөний улмаас ажилтан Н өндөр хүчдэлийн цахилгааны гүйдэлд цохиулж нас баржээ.
Анхан шатны шүүх А, Б нарыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн ар гэрт учирсан сэтгэл санааны болон материаллаг хохирлын зарим хэсгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Харин анхан шатны шүүх “амь хохирогч Н-ийн сарын дундаж цалин хөлс, орлого тодорхойгүй, шүүгдэгч А, Б нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн ар гэрт оршуулгын болон бусад зардалд зориулан өгсөн мөнгийг “үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр”-т тооцно” гэсэн үндэслэлээр хохирол гаргуулах шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг амь хохирогч Н-ийн эхнэр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох үүрэгтэй.
Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон эрх бүхий байгууллагын актаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлээд, амь хохирогч Н-ийн нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тогтоох нь “хэргийн бодит байдлыг тогтоох” болон “шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж дүгнэж шүүгдэгч нараас амь хохирогчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 15,120,000 төгрөгийн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн гэр бүлийн гишүүнд олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Хэдийгээр хохирогчийн эхнэр М нь “36 сарын цалинд тэнцэх хэмжээний тэтгэмжийг А-аас бэлнээр төлж өгсөн” гэсэн баримт үйлдсэн байх боловч уг мөнгийг хохирогчийн ар гэрт бодитойгоор өгсөн нь тогтоогдоогүй тул “шүүгдэгч нараас сайн дураараа олгосон төлбөрт үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр багтсан” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй гэж үзэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болно.
Магадлалыг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/16017?daterange=2022-01-01%20-%202023-01-12&id=2&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек