“Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдэвт олон улсын бага хурал амжилттай болж өндөрлөлөө
2025-06-19 Админ Хандсан тоо: 194 Хуваалцах

Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам, АНУ-ын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо 2025 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Олон улсын бага хуралд Армени, Эстони, Индонез, Казахстан, Киргизстан, Молдав, Узбекистан, Серби, АНУ, Монгол Улсын  80 гаруй  шүүгч оролцлоо. Тэд “Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  цахимжуулах нь”, ‘’Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг судлал (database, caselaw)  ашиглах нь”, “Дижитал эрин үе дэх хиймэл оюун ба шүүх” , “Кибер аюулгүй байдлын асуудлууд’’, "Олон нийтийн мэдэх эрх ба шүүхэд итгэх итгэл", "Дижитал эрин үе дэх Шүүхийн сургалт: Цахим хэрэгсэл, хиймэл оюуныг хэрэглэх чадварыг хөгжүүлэх нь" зэрэг сэдвүүдийн хүрээнд нийт 21 илтгэл хэлэлцүүлж,  өөрийн улсын туршлага, бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн хурлыг хааж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт хэлэхдээ “Цахимжилтыг шүүхийн зохион байгуулалтад зохистойгоор нэвтрүүлснээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, шүүхийн бие даасан хараат бус байдалд эерэг нөлөөлөл авчрах боломжтой. Хүний хувийн мэдээлэл ба нээлттэй байдлын ойлголтын тэнцвэрийг зөв олох шаардлагатай бөгөөд цахимжилтын сөрөг нөлөөнөөс үүдэх асуудлуудыг урьдчилан сэргийлэх  аргатай хамтад нь хөгжүүлж явах шаардлагатай. Хуралдааны үеэр хөндөгдсөн сэдвүүд нь иргэд олон нийтийн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг хангахад чухал болохыг онцоллоо.

Тус олон улсын бага хурлын үеэрх зургуудыг энд дарж үзэх боломжтой.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ