Ерөнхий шүүгчдэд зориулсан манлайллын сургалт эхэллээ
2026-10-22 Админ Хандсан тоо: 155 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн хүрээнд Ерөнхий шүүгчдэд зориулсан манлайллын сургалтыг өнөөдөр эхлүүллээ.

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр тус улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас Монголын шүүхийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй тус төсөл нь шүүхийн хараат бус байдал, шударга байдлыг бэхжүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Сургалтыг нээж Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст, тус улсын Шүүхийн үндэсний хүрээлэнгийн олон улсын шүүхийн асуудал хариуцсан тэргүүн зөвлөх, Британийн Колумби мужийн Дээд шүүхийн шүүгч Том Крабтри нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа Ерөнхий шүүгчийн манлайлал нь шүүгчдийн хараат бус байдлыг хамгаалах, ёс зүй, эерэг хандлагыг төлөвшүүлэх, тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр шүүхийн хөгжил нь зөвхөн хууль, бүтэц, зохион байгуулалтаар хэмжигдэхгүй бөгөөд Ерөнхий шүүгч бүрийн манлайлал, шударга ёсыг дээдэлсэн хандлага нь шүүхийн мэргэжлийн стандартыг дээшлүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд чухал нөлөөтэйг тэмдэглэв.

Эхний өдрийн сургалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан П.Золзаяа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов нар Канадын Ерөнхий шүүгч асан Роберт Г. Ричардстай хамт Ерөнхий шүүгчийн бүрэн эрх, чиг үүрэг, манлайлалд тавигдах шаардлагын талаар хэлэлцэв.

Мөн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Т.Даваасүрэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа нар туршлагаа хуваалцаж, шүүхийн манлайлал, стратегийн төлөвлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Канад Улсын талаас Юкон мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Сюзанн М. Дункан, Холбооны шүүхийн Ерөнхий шүүгч асан Пол Крэмптон, Британийн Колумби мужийн Дээд шүүхийн шүүгч Том Крабтри, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн тэргүүн захирал Ж.К. Марк Ришар нар удирдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ