Ерөнхий шүүгчдэд зориулсан манлайллын сургалт амжилттай өндөрлөлөө
2026-10-23 Админ Хандсан тоо: 126 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн хүрээнд Ерөнхий шүүгчдэд зориулан зохион байгуулсан манлайллын сургалт хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.

Сургалтын хоёр дахь өдөр шүүхийн удирдлага, шүүгчдийн сайн сайхан байдал, хэвлэл мэдээлэлтэй харилцах арга барил болон шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх чиглэлээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөв.

Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, Канадын Шүүхийн үндэсний хүрээлэнгийн олон улсын шүүхийн асуудал хариуцсан тэргүүн зөвлөх, Британийн Колумби мужийн Дээд шүүхийн шүүгч Том Крабтри, “Human Ethos” байгууллагын сэтгэл судлаач, захирлууд Карли Шревер, Салли Райан нар “Шүүгчийн стресс ба шүүхийн сайн сайхан байдал Ерөнхий шүүгчийн мэдвэл зохих асуудлууд” сэдвээр сургалт удирдан явууллаа.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал шүүхийн байгууллагын хэвлэл мэдээлэлтэй харилцах арга барил, онцлог болон Caseline цахим талбарын талаар танилцууллаа.

Мөн “Шүүх эрх мэдлийн тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа” сэдэвт хэсгийг шүүгч Том Крабтри удирдаж, Британийн Колумби мужийн цахим харилцааны зохицуулагч Энн Э. Раунтвейт, Нова Скошиа мужийн Шүүх эрх мэдлийн Гүйцэтгэх албаны Үйл ажиллагаа хариуцсан захирал Женнифер Стэйрс нар илтгэл танилцууллаа.

Үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт Монгол Улсын дээд шүүхийн алсын хараа, стратегийн тэргүүлэх чиглэлийг танилцуулж, Ерөнхий шүүгчийн манлайлал, удирдлагын үүрэг, хариуцлагын талаар илтгэл хэлэлцүүлэв.

Сургалтын төгсгөлд шүүгч Том Крабтри, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар хоёр өдрийн сургалтын гол агуулга, үр дүнг эргэн дүгнэлээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ