ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“ШҮҮГЧ-СУДЛААЧ: СУДАЛГААНЫ АЖЛЫН ЭМХЭТГЭЛ”-ИЙН ЦУВРАЛ-2 ХЭВЛЭГДЛЭЭ
2024-07-08 Админ Хандсан тоо: 805 ХуваалцахМонгол Улсын шүүхийн тухай хуулийн 2021 оны нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шүүгч нар судлаачаар ажиллах эрх зүйн орчин бүрдэж, 2023 оноос эхлэн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар судлаачаар ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ онд шүүгч-судлаачаар ажилласан шүүгч нарын хийж гүйцэтгэсэн судалгааны бүтээлийг олон нийтэд түгээх, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Шүүгч-судлаач: Судалгааны ажлын эмхэтгэл (2024 он, Цуврал 2)” хэвлэгдэн гарлаа.
2024 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа нар зургаан сарын хугацаанд шүүгч-судлаачаар ажилласан юм.
Энэ удаагийн эмхэтгэлд шүүгч-судлаачдын хийж гүйцэтгэсэн “Эрүүгийн хуулийн динамик тайлбар”, “Эрүүгийн хуулийг тайлбарлах онол, арга зүй” гарын авлагын хураангуй, “Цахим нотлох баримт”, “Иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах эрхийг захиргааны хэргийн шүүхээс хэрэгжүүлж буй байдал”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах тухай”, “Шүүхийн практик” системийн танилцуулга зэрэг нийт 6 бүтээл хэвлэгдэж, олон нийтийн хүртээл боллоо.
Мөн шүүгч-судлаач нарын хураангуйлсан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдол бүхий Монгол Улсын дээд шүүхийн тогтоол, гадаад улсын шүүхийн шийдвэрийн хураангуйг багтаасан болно.
Шүүгч нар “Шүүгч-судлаач: Судалгааны ажлын эмхэтгэл” хоёр дахь цувралыг тус Академийн “Цахим Сургалтын Систем”-д байрлах “Цахим номын сан”-гийн “Бусад судалгаа” хэсгээс үзэх боломжтой.
Шүүхийн академи хэвлүүлсэн бүтээлийн дээжээс хууль зүйн их дээд сургуулиуд, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудын номын санд тухай бүр хүргүүлдэг тул иргэд олон нийт, хуульчид эдгээр байгууллагуудын номын сангаас үзэх боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ