ХУУЛЬД ЗААСНААС БУСАД ЗАРДЛЫГ НЭМЭЛТ ЗАРДАЛД ТООЦОХГҮЙ
2024-06-17 Админ Хандсан тоо: 445 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2023/00228 дугаар шийдвэр

Тоймын дугаар, огноо:  2023.05.22 №02

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Н нь П-д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, монгол гэр худалдан авах нэмэлт зардлын тавин хувь 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Н, П нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байхдаа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү А-г төрүүлсэн. Гэтэл тэд хувийн таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч, хүү А эхийн асрамжид байсан.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх хүүхдээ хэний асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд цаашид хүүхдийг Н-ийн асрамжид үлдээхэд хариуцагч маргаагүй байна.

Харин талууд хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй тул хуульд зааснаар хүү А-г 11 нас хүртэл нь тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тавин хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг П-ээр тэжээн тэтгүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

Мөн хуульд зааснаар тэжээн тэтгүүлэгчид хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон зэрэг онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Гэтэл Н-ийн монгол гэр худалдан авахад төлсөн төлбөрийн тавин хувь 3,600,000 төгрөгийг П-ээс гаргуулахаар шаардсан нь хуульд заасан нэмэлт зардалд тооцогдохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв