ЗАХИРГААНЫ ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭВ
2024-06-17 Админ Хандсан тоо: 330 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.11.07 121/ШШ2022/0146

Тоймын дугаар, огноо: 2023 оны 2 дугаар сарын 15, Дугаар № 02

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б-гээс “Иргэн Н нь иргэний үнэмлэхний 45 насны сунгалтыг 30 хоногийн дотор хийлгээгүй хугацаа хэтэрсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0142442 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

Прокуророос дээрх шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандан прокурорын дүгнэлт бичиж ирүүлсэн.

Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй