ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДЭГГҮЙ СОГТУУРУУЛАХ УНДААГ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ТОХИОЛДОЛД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА
2024-05-13 Админ Хандсан тоо: 262 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 3 дугаар  сарын 11, 110/ШШ2024/0012

Тоймын огноо дугаар: 2024 оны 4 дүгээр сарын 19,  Дугаар 08

Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

            Гомдол гаргагч У-аас “...хувийн хэрэгцээнд  зориулан ОХУ-аас авч ирсэн 2-3 ширхэг  вино, коньякийг эхнэр өвдөж, зайлшгүй  мөнгөний хэрэгцээ гарсан  тул зарсан болохоос гэртээ байнга худалдаа хийдэггүй”  гэсэн үндэслэлээр маргаж , БӨ аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043643 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.  

Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар  “Иргэн У нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа  худалдан борлуулсан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн  1.1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1 000 000 төгрөгөөр торгосон байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1-д “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж: 1.1.тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Гомдол гаргагч  У нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг иргэн Н-д худалдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

Зөрчлийн тухай хуульд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулбал зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар зохицуулсан байх  тул гомдол гаргагч   У-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  торгох шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх  шударга ёсны зарчимтай  нийцсэн байна гэж үзлээ.

 Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш