ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БРЮССЕЛЬ, ГААГ, ЛЮКСЕМБУРГ ХОТУУДАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
2024-03-29 Админ Хандсан тоо: 878 ХуваалцахХаннс-Зайделийн сангийн эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаач З.Янжинлхам болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Хүний эрхийн комиссын гишүүн Б.Энхболд, нар 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Брюссель, Гааг, Люксембург хотноо зочилж Олон Улсын Эрүүгийн шүүх, Олон Улсын шүүх болон Европын холбооны бусад байгууллагуудаар айлчлал хийж, туршлага судаллаа.
Төлөөлөгчид Европын Парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски болон Европын Холбооны гадаад харилцааны алба, Европын Комиссын олон улсын түншлэл, хамтын ажиллагааны газрын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, Европын Холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөр, хууль эрх зүйн хүрээний шинэчлэлийн талаар мэдээлэл сонсож, санал солилцов.
Европын Зөвлөлд хийсэн уулзалтын үеэр Монгол улс Европын бүс нутагтай эрүүгийн эрх зүйн чиглэлд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх конвенц болон Будапештын конвенцод нэгдэн орох боломжийн талаар мөн хэлэлцлээ. Түүнчлэн Ханнс-Зайделийн сангийн Брюссель дэх төлөөлөгчийн газраас зохион байгуулсан “Залуу эмэгтэй удирдагчдыг дэмжих нь” сэдэвт арга хэмжээнд оролцсон юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ