ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ДЭГ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ, ЖУРАМ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2023-02-17 Админ Хандсан тоо: 238 ХуваалцахМонгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаярын 2023 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн захирамжаар “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал, журмын төслийг боловсруулах” ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийн ахлагчаар УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн бүрэлдэхүүнд Нийслэлийн 9 дүүргийн Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, ШССМХ-ийн Эрүүгийн эрх зүйн секторын төлөөлөл багтаж байна.
Тэгвэл тус ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэг 2023 оны 2 дугаар сарын 16-нд боллоо. Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн ахлагч УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль эрх зүйн орчин, шүүхийн практикт тулгамдаж буй асуудал” сэдвээр, ШССМХ-ийн Эрүүгийн эрх зүйн секторын судлаач З. Янжинлхам “Гадаадын зарим улс орны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх харьцуулсан судалгаа”сэдвээр, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Батаа “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам” сэдвээр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Шинэбаяр нар “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журам” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Хууль зүй дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, дүүргүүдийн прокурорын газрын прокурорууд, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл тус тус оролцлоо. Мөн орон нутгийн шүүхийн шүүгчид цахимаар оролцсон юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ