ЯПОН УЛСЫН НАГОЯ ИХ СУРГУУЛИЙН АЗИЙН ЭРХ ЗҮЙН СОЛИЛЦООНЫ ТӨВТЭЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-02-02 Админ Хандсан тоо: 556 Хуваалцах

  Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Япон Улсын Нагоя их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төв (CALE)-тэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

  Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүхийн шүүгч, шүүхийн алба хаагчдад зориулсан хууль, эрх зүйн онол, практикийн мэдлэг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, судалгааны ажлын хүрээнд айлчлал хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэн ажиллахаар болов.

   Мөн шүүгч, судлаач, эрх зүйч мэргэжлээр суралцаж буй төгсөх курсийн оюутнуудад туршлага судлах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөөд байна. Түүнчлэн хамтарсан судалгаа хийх, судалгааны эх сурвалж, материал цуглуулахад харилцан туслалцахад санал нэгдлээ. 

  Тус Хүрээлэнгийн захирал Д. Эрдэнэчимэг /Доктор, дэд профессор/  2023 оны 6 дугаар сард  Япон Улсын Нагоя Их Сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн захирал, профессор Масако Мураками болон тус сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн захирал Мацүо Ёо нарыг хүлээн авч уулзаж, санамж бичгийн хүрээнд хийх ажлуудын талаар санал солилцож байсан юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ