БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШҮҮХИЙН АКАДЕМИТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
2024-01-26 Админ Хандсан тоо: 749 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Хууль зүйн яамны харьяа Шүүхийн Академийн дарга Др.Нгуен Шуан Тутай хоёр талын уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

  Уулзалтын үеэр талууд хоёр байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, улмаар тохиромжтой чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв. Цаашид талууд хамтарсан дугуй ширээний уулзалт, семинар зохион байгуулах, судлаачдыг сургах, сургалт зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл дамжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

   БНСВУ-ын Хууль зүйн яамны харьяа Шүүхийн Академи нь 1998 онд байгуулагдсан бөгөөд 168 албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Тус Академи нь 64 үндсэн багш, 800 орчим гэрээт багштайгаар жилд ойролцоогоор 15000 хүнийг сургалтад хамруулдаг байна. Академийн төв Ханой хотод байрладаг бөгөөд Хо Ши Мин хотод сургалтын үйл ажиллагаа явуулдаг хотхонтой.