ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН 30 ШҮҮГЧ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД АЙЛЧИЛЖ, СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2023-12-18 Админ Хандсан тоо: 457 Хуваалцах2023 оны 12 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Монгол Улсаас нийт 30 шүүгч Бүгд найрамдах Турк Улсын Шүүхийн Академид зочилж, танхимын сургалтад хамрагдлаа.
Энэхүү сургалт нь Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Бүгд найрамдах Турк Улсын Шүүхийн Академитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны эхлэл болов. Санамж бичгийн хүрээнд талууд шүүгчийн танхимын болон цахим сургалт зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх, олон улсын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэхүү ажлууд нь цаашид шат дараатай хэрэгжих юм.
Сургалт “Шүүх болон дагнасан шүүхүүдийн удирдлага зохион байгуулалт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан ба “БНТУ-ын Шүүхийн Академийн үйл ажиллагаа”, “БНТУ-ын Шүүхийн тогтолцоо”, “Хүнд төрлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх”, “Гэр бүлийн шүүх”, “Арилжааны анхан шатны шүүх”, “Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх шүүх”, “Насанд хүрээгүйчүүдийн шүүх”, “Хохирогчдын эрхийг хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа” болон “Үндэсний шүүхийн сүлжээ төсөл, дуу дүрсний мэдээллийн систем”, “Шинжээчийн үйл ажиллагаа” зэрэг дэд сэдвүүд сургалтын хөтөлбөрт багтжээ.
Тус айлчлалын үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг Монгол Улсад шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон шүүхийн цахимжуулалтын талаар хэлэлцэж буй энэ цаг үед чухал ач холбогдолтой сургалт болж буйг онцолсон юм. Мөн айлчлалын үеэр шүүгчид Анталъя дахь Шүүхийн нэгдсэн байр, Бүсийн давж заалдах шатны шүүх болон Шүүх эмнэлэгт зочилж, туршлага судаллаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ