ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
2023-10-26 Админ Хандсан тоо: 469 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтыг  2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд нийт 6 ээлжээр зохион байгуулж байна. Шүүгчийн заавал судлах 2 багц цаг хангах энэхүү сургалтад иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны нийт шүүгч нар хамрагдах юм.

   Энэ жилийн сургалт нь хувийн эрх зүйд томоохон байр суурь эзлэх арилжааны эрх зүйн чиглэлээр явагдаж байгаагаараа онцлог байна. Сургалтын агуулгад арилжаа эрхлэгчийн тухай ойлголт, арилжааны бүртгэл, арилжааны хэлцэлд баримтлах зарчим, арилжааны бүртгэлийн талаар болон санхүүгийн түрээс, даатгал, зуучлал, банкны баталгаа зэрэг хөрөнгийн зах зээлийн шинэлэг харилцааны талаарх онолын ойлголт, бодлого жишээ багтсан.

  Сургалтыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Х.Эрдэнэсувд, Н.Баярмаа, Н.Батзориг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд болон тус шүүхийн шүүгч Т.Энхтуяа, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р. Уранчимэг нар удирдан явуулав.

    Энэхүү сургалтын  III, IV ээлж 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд V, VI ээлж  2023 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрийн хооронд зохион байгуулагдах ба тус сургалтад Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хамрагдана.

   Сургалтын хөтөлбөртэй танилцах бол  энд дарж үзнэ үү.

                                

                            

                            

       МЭДЭЭЛЛИЙН ТӨВ