ГЭРЧИЙН ГАРГАСАН “ТОДОРХОЙЛОЛТ” НОТЛОХ БАРИМТААР ҮНЭЛЭГДЭХГҮЙ...
2023-10-05 Админ Хандсан тоо: 163 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,  2022 оны 9 сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02687

Тоймын дугаар, огноо: 2023 оны 03 сарын 30-ны өдөр

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн Дорж “Зэт” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан автомашины засварчнаар анх ажилд орж, дараа нь ээлжийн мастераар дэвшин ажиллаж байгаад “… ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн, тэрээр “…зөрчил гаргаагүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.

“Зэт” ХХК-иас “… Дорж нь 00-00 дугаартай автомашинд засвар үйлчилгээ хийхдээ сольж тавих байсан эд ангийг тухайн тээврийн хэрэгсэлд тавилгүйгээр өөртөө авч ашигласан ноцтой зөрчил гаргасан, энэ нь механик Лут, гагнуурчин Бат нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байгаа” гэж, Дорж-оос “… машинд засвар үйлчилгээг бүрэн хийж гаргасан, засварын хуудсанд бичигдсэн эд ангийг сольсон болох нь засварын хуудас, засвар хийсэн ажилтан Осорын мэдүүлгээр нотлогдоно” гэж марган, ажилтан Осорыг гэрчээр дуудаж мэдүүлэг авхуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, тухайн үйл явдлыг мэдэх иргэнийг шүүхэд гэрчээр дуудаж, хууль сануулан мэдүүлэг авч уг мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэхээр заасан.

Гэтэл хариуцагч “Зэт” ХХК нь “үйл явдлыг мэднэ” гэх ажилтнуудаас бичгээр “тодорхойлолт” гаргуулан шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх дээрх журмыг зөрчсөн тул шүүх “Зэт” ХХК-иас гаргасан “Доржийн гаргасан зөрчлийг нотолно” гэх механик Лут, гагнуурчин Бат нарын бичгээр гаргасан “тодорхойлолт”-ыг нотлох баримтаар үнэлэхээс татгалзав.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Доржийг “машинд тавигдах ёстой эд зүйлсийг өөртөө авч ашигласан” болох нь тогтоогдоогүй, засварын хуудас болон гэрч Осорын мэдүүлгээр машинд засвар үйлчилгээ хийхдээ тухайн эд ангийг сольж тавьсан нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзэж, Доржийг урьд эрхэлж байсан ээлжийн мастерын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/124268?start_date=&end_date=&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан