БУСДЫН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРГИЙГ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭВ
2026-06-02 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 сарын 10 ны өдрийн 2026/ДШМ/12 дугаар магадлал

Шүүхийн шийдвэрийн тойм: 1

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: "Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно"

шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийН Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Өлийн Нуруу” гэх газарт амь хохирогч Н.А-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүнийг чулуугаар цохиж, хоолойг боож, цээжийг нь дарснаас механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна.

Анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Ц-г хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 09 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "..хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж заасан.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг судлахад нэр бүхий гэрч, шүүгдэгч, амь хохирогч нар нь төв, суурин газраас хол оршин сууж, мал аж ахуй эрхлэн байхдаа малын бэлчээр дээр тодорхой шалтгаангүйгээр өөр хоорондоо архидан согтуурч урьдын таарамжгүй харьцаа үл ялих зүйлээс шалтгаалан харилцан маргалдаж улмаар бусдын бие эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулан, амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нөхцөл байдлаар тогтоогджээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохироосон, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын дунджаас доогуур буюу 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН 2025/ШЦТ/369 ДҮГЭЭР ШИЙТГЭХ ТОГТООЛ

Магадлалыг бүрэн эхээр нь үзэж болох цахим холбоос: HTTPS://SHUUKH.MN/SINGLE_CASE/24326?DATERANGE=2026-01-01%20-%202026-03-19&ID 

ТОЙМЫГ БЭЛТГЭСЭН: БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ: Ч.БАЯРЦЭНГЭЛ