ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2023-10-03 Админ Хандсан тоо: 337 Хуваалцах

     Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн сантай хамтран Захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 Сургалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид удирдан явуулсан бөгөөд эхний өдөр тус шүүхийн шүүгч С.Мөнхжаргал ‘’Захиргааны хэргийн харьяаллыг зөв тогтооход анхаарах асуудал’’, шүүгч Н.Хонинхүү “Нэхэмжлэл гаргах хугацааг зөв тооцох, хугацааг сэргээхэд анхаарах асуудал”, шүүгч Э.Лхагвасүрэн “Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа”, шүүгч О.Оюунгэрэл, Г.Мөнхтулга нар “Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөв тодорхойлох нь’’ сэдвээр, сургалтын хоёр дахь өдөр шүүгч Т.Энхмаа, Д.Оюумаа нар “Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт өгөхөд анхаарах асуудал”, шүүгч Н.Долгорсүрэн“Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл” сэдвээр тус тус удирдан явуулав. 

  Мөн сургалтын үеэр Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк мэндчилгээ дэвшүүлж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа сургалтад хамрагдсан нийт шүүгчидтэй “Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн хууль хэрэглээний нэгдмэл байдал’’ сэдвээр нээлттэй ярилцлаа.

    Уг сургалтад нийт 74 шүүгч хамрагдлаа. 

 

                           

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ