ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ДАГУУ УДИРДЛАГААР ХАНГАЖ, АЖИЛ ҮҮРГИЙГ ХУВААРИЛСАН ЗЭРГИЙГ НӨГӨӨ ТАЛАА ХӨЛСЛӨН АЖИЛЛУУЛСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 154 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.03.25, 101/ШШ2022/01373
Тоймын дугаар, огноо: №20, 2023.04.28
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Оч нь хариуцагч Уянгад холбогдуулан 1999 оноос 2013 оны 9 дүгээр сар хүртэл түүхий эдийн бизнес хамтран эрхэлж байсан болон нийт ............... төгрөгийн борлуулалтын орлого олсон болохыг тогтоолгож, ............... төгрөгийн ашгаас 50 хувь болох ................ төгрөгийг шаардсан.
Харин хариуцагч Уянга нь нэхэмжлэгч Очын үйл ажиллагааг удирдаж, ажил үүргийг хуваарилдаг, ажлын чухал, дийлэнх хэсгийг өөрөө хийдэг байсан, гэрээг бичгээр байгуулаагүй, хамтран ажиллах талаар тохироогүй тул хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, ашгийн хэмжээг тогтоох боломжгүй гэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх, хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй, талууд анхнаасаа хамтран ашиг олох хүсэл зоригийн хүрээнд түүхий эдийн бизнес хамтран хийхээр тохиролцсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.
Ажил үүргийн хувьд хүндийг нь буюу чухал ажлыг нь хийдэг хүнийг уг бизнесийн өмчлөгч буюу ажиллуулагч, хөлслөгч байсан гэж үзэхгүй,
-харин талууд уг үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцох нь хамтын үйл ажиллагааны нэгдмэл оролцоог илэрхийлдэг,
-бусад этгээдээс зээл болон урьдчилгаа мөнгө авах хэлбэрээр түүхий эдийн бизнес хамтран хийх оролцогчийн хувь хураамжийг бий болгосон,
-өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу хамтын ажиллагааны хүрээнд гадаад болон дотоод харилцаандаа төлөөлдөг байсан,
-аливаа шийдвэрийг олонхын саналаар гаргах боловч тодорхой этгээд удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд нь нөгөө талаа хөлслөн ажиллуулсан гэж үзэхгүй гэж шүүх дүгнээд талууд ашиг, алдагдлын талаар тухайлан тохиролцоогүй тул хуульд зааснаар тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой гэсэн үндэслэлээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ашгийн хэмжээний тал хувийг хариуцагч Уянгаас гаргуулж нэхэмжлэгч Оч-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/120697?daterange=2020-01-01%20-%202023-03-10&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр