НИЙТ ШҮҮГЧДИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
2023-09-28 Админ Хандсан тоо: 565 Хуваалцах

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчдийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулган 2023 оны 9 дүгээр сарын 28-29 өдрүүдэд хуралдаж байна.

   Нийт шүүгчдийн хоёрдугаар чуулганыг нээж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уламжилж, Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлэв.

   2 өдөр үргэлжлэх тус чуулганаар Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны тайланг сонсож, “Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах”; “Хэрэг, нэхэмжлэл, өргөгдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах’’ зэрэг саналын хэлэлцүүлэг өрнүүлж холбогдох тогтоолын төслийг баталлаа.

   Түүнчлэн “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хөгжил” болон “Шүүхийн хүний нөөцийн бодлого ба шүүхийн захиргаа”; “Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоо” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн, нийт шүүгчийн санал хураалтын дагуу дүгнэлт гаргах юм. Чуулганд бүх шатны шүүхийн нийт 499 шүүгч оролцож байна.

      

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ