ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ НЬ” ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2022-06-09 Админ Хандсан тоо: 151 ХуваалцахШүүхийн шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэр түүний үндэслэл хэргийн оролцогчид болон иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод байх тухай шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хуулинд тусгагдсан. Тухайлбал Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг дэх заалтуудын хэрэгжилтийн хүрээнд Улсын Дээд шүүхийн Тамгын газраас санаачлан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх олон улсын жишиг, арга зүй, дотоодын хууль тогтоомжийн хүрээ, шүүхийн мэдээллийн практик, шүүх, шүүн таслах ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийн анализ судалгааны дүн зэргийг хэлэлцэж оролцогч шүүгч нар санал хүсэлтээ илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд энэ хүрээнд өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж нэгдсэн бодлого, журам боловсруулах, хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлж хэвших хэрэгцээ шаардлага байгааг онцлон тэмдэглэж санал нэгдлээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ