ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Захиргааны эрх зүйн чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-11-23 Админ Хандсан тоо: 57 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи 11 дүгээр сарын 23-ны өдөр Япон Улсын Нагоягийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч, тус сургуулийн дэд профессор, Азийн эрх зүйн солилцооны төвийн дэд захирал Яажима Сэйяагийн “Захиргааны эрх зүйн салбар дахь эрх зүйн шинэтгэлийн дэмжлэг: Хотын эрх зүйн судалгааны төслийг анхдагч жишээ болгон танилцуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг Нагоягийн их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төв (CALE)-тэй 2024 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд санамж бичгийн хүрээнд жил бүр тус улсад судалгааны арга зүйн сургалт зохион байгуулж ирснийг онцоллоо. Мөн энэ удаагийн сургалт хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр мэдлэг, туршлага солилцох ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Нагояагийн их сургуулийн дэд профессор, Азийн эрх зүйн солилцооны төвийн дэд захирал Яажима Сэйяа “Япон улсаас бусад улс орнуудад үзүүлдэг эрх зүйн шинэтгэлийн дэмжлэг: өнгөрсөн ба ирээдүй”, “Яагаад захиргааны эрх зүйн тусгай анги вэ?”, “Тусгай ангийн судалгааны анхдагч жишээ: Хотын эрх зүйн судалгааны төрөл”, “Япон улсыг Монгол улстай харьцуулан судлах боломжтой юу?” зэрэг агуулгын хүрээнд илтгэл танилцууллаа.

Япон Улсаас Дошиша их сургуулийн Бодлого судлалын тэнхимийн дэд профессор Сугава Тадатэрү, Нагояагийн эдийн засгийн их сургуулийн Эрх зүйн тэнхимийн дэд профессор Мацүмото Микико, Нагояагийн их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааг дэмжих, Азийн хамтын хөгжлийн хэлтсийн төслийн туслах профессор С.Молом нар хүрэлцэн ирсэн бөгөөд сургалтад Шүүхийн академийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн, Үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйн секторын эрхлэгч Э.Эрхбилгүүн тэргүүтэй Шүүхийн академийн 20 судлаач, ажилтан оролцож, захиргааны эрх зүйн шинэтгэл, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны талаар илтгэгчээс сонирхсон асуултаа асууж, санал солилцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ