Эрүү болон Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалт өндөрлөлөө
2026-11-19 Админ Хандсан тоо: 254 Хуваалцах

Эрүү болон Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн заавал судлах мэргэшүүлэх сургалт 2026 оны 11 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд нийслэл болон орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж, энэ сарын 19-ний өдөр өндөрлөлөө.

Улаанбаатар хотод зохион байгуулсан сургалтад нийслэл, зүүн болон говийн бүсийн нийт 301 шүүгч, орон нутагт зохион байгуулсан бүсчилсэн сургалтад баруун, хангай, төвийн бүсийн нийт 126 шүүгч, нийт 427 шүүгч мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа.

Сургалтыг баруун, хангай, төвийн бүс болон зүүн, говийн бүс, нийслэлийн шүүгчдийг хамруулан зохион байгуулсан бөгөөд бүс тус бүрд эрүү, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх хичээлүүдийг нийт 15 шүүгч сургагч багш удирдан явууллаа.

БАРУУН БҮС

Баруун бүсийн сургалт Ховд аймагт зохион байгуулагдаж, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн шүүхийн шүүгчид хамрагдлаа. Сургалтаар эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг зүйлчлэх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,үүргийн эрх зүйн тулгамдсан асуудлыг судалсан байна.

Эрүүгийн эрх зүйн чиглэлийн сургагч багшаар Улсын дээд шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, иргэний эрх зүйн чиглэлээр Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нар ажиллалаа.

ХАНГАЙН БҮС

Хангайн бүсийн сургалт Архангай аймагт болж, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн шүүгчдийг хамруулав. Сургалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн уялдаа, хэрэглээ, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээтэй холбоотой хууль хэрэглээний асуудал болон иргэний эрх зүйн чиглэлийн сэдвүүдийг судаллаа.

Эрүүгийн эрх зүйн чиглэлийн сургагч багшаар Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, иргэний эрх зүйн чиглэлээр  Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг, Д.Цолмон нар ажиллалаа.

ТӨВИЙН БҮС

Төвийн бүсийн сургалт Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж, тус бүсийн эрүү, иргэний хэргийн шүүхийн шүүгчид оролцлоо. Энэ хүрээнд эрүүгийн эрх зүйн онол, арга зүй, шүүхийн практик, гэмт хэргийн зүйлчлэлээс гадна иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын талаар сургалт явуулав.

Эрүүгийн эрх зүйн чиглэлээр Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Мөнхтулга нар иргэний эрх зүйн чиглэлээр Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн нар сургагч багшаар ажиллалаа.

ЗҮҮН, ГОВИЙН БҮС БОЛОН НИЙСЛЭЛ

Зүүн болон говийн бүсийн шүүгчид, нийслэлийн эрүү, иргэний хэргийн шүүхийн шүүгчид Улаанбаатар хотод сургалтад хамрагдлаа. Сургалтын хөтөлбөрөөр эрүү,иргэний эрх зүйн чиглэлээрх хууль хэрэглээний онол, арга зүй, практик асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилт зэрэг сэдвийг судалсан юм.

Эрүүгийн эрх зүйн чиглэлийн сургалтад Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов нар сургагч багшаар ажиллалаа.

Харин иргэний эрх зүйн чиглэлээр Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр, Ч.Мөнхцэцэг, С.Энхбаяр, М.Баясгалан, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг нар сургагч багшаар ажиллалаа.

Шүүхийн практикт тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арга зүйг хамарсан заавал судлах мэргэшүүлэх сургалт ийнхүү дөрвөн өдөр үргэлжилж, шүүгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж 427 шүүгч хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ