ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмын хэрэгжилт” сэдэвт Bench & Bar уулзалт боллоо
2026-11-02 Админ Хандсан тоо: 96 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Монголын Шүүгчдийн Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо болон Judilogy төслийн баг хамтран “Шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмын хэрэгжилт” сэдэвт Bench & Bar уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Монголын Шүүгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Амин-Эрдэнэ, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Солонго нар нээж, үг хэлэв.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт өмгөөлөгч, хуульчид хэргийн оролцогчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалж, шүүн таслах ажиллагаанд чухал үүрэгтэй оролцдогийг онцоллоо. Тэрбээр өмгөөлөгчдийг олон нийт болон шүүх, хэргийн оролцогчид болон шүүхийн хооронд ойлголцлыг бий болгох “алтан гагнуур” хэмээн тодорхойлсон юм.
Монголын Шүүгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Амин-Эрдэнэ хараат бус шүүх, мэргэжлийн өмгөөлөл, харилцан хүндэтгэлтэй харилцааны ач холбогдлыг онцолж, уулзалтаар чөлөөтэй санал солилцон, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Шүүгчдийн багийг төлөөлж Монголын Шүүгчдийн Холбооны гишүүн Б.Батцэрэн хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулахдаа мэтгэлцээний эхэнд талууд хэргийн талаарх байр суурь, түүнийгээ нотлох үндэслэлээ тодорхой илэрхийлэх нь чухал болохыг онцлов. Ингэснээр маргааны гол асуудлыг тодорхойлж, шүүх хуралдааныг үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэхийн зэрэгцээ шүүгчид талуудын байр суурийг тэгш, тэвчээртэй сонсох шаардлагатайг тэмдэглэлээ.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үеэс яллах болон өмгөөлөх талын эрх, оролцооны тэнцвэрийг хангах, өмгөөлөгчийн мэтгэлцэх ур чадвар, шүүх хуралдаанд бэлтгэх байдлыг сайжруулах шаардлагатайг дурдав. Иргэний хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах нь талуудын байр суурийн зөрүүг урьдчилан тодорхойлж, шүүх хуралдааны зохион байгуулалтыг сайжруулах ач холбогдолтойг мөн онцоллоо.
Харин өмгөөлөгчдийн багийг төлөөлж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Солонго өмгөөлөгчид байр сууриа тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх, мэтгэлцэх ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ шүүгч, өмгөөлөгчдийн харилцаа, хандлага, харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн туршлага багатай өмгөөлөгчдийн хувьд шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлэх боломжийг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд зөв чиглүүлж, дэмжих нь зүйтэйг онцоллоо.

Түүнчлэн өмгөөлөгчийн оролцоог мөрдөн шалгах ажиллагааны үеэс бодитой хангаж, яллах болон өмгөөлөх талын эрх, оролцооны тэнцвэрийг бүрдүүлэх шаардлагатай талаар санал дэвшүүлэв.
Хэлэлцүүлгийн үр дүнд шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмыг бодитой хэрэгжүүлэхэд талуудын эрх тэгш оролцоо, мэргэжлийн ур чадвар, харилцан хүндэтгэлтэй харилцаа чухал болохыг онцоллоо. Мөн хоёр багийн танилцуулсан санал, зөвлөмжийг тус тусын холбоондоо уламжлахаар тогтов.
Bench & Bar уулзалтыг анх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Шүүх хуралдаан хойшилж буй нийтлэг шалтгаан, шийдвэрлэх зарим боломж” сэдвээр зохион байгуулж байсан.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ