ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГАД АЛБА ХААЖ БАЙГАА ГАЗРАА ДУР МЭДЭН ОРХИЖ ЯВСАН БУЮУ ЦЭРГИЙН АЛБАНААС ОРГОН ЗАЙЛСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2026-10-13 Админ Хандсан тоо: 23 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026/ШЦТ/266
Тоймын дугаар, огноо: /2026-10-07/
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокуророос иргэн Т-г “Офицер цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар иргэн Т нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний .... дугаар ангид мотобуудлагын 1 дүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байхдаа 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн учир шалтгаангүйгээр цэргийн алба хааж буй ангидаа эргэж очоогүй дур мэдэн орхиж явсан байна.
Цэргийн албаны тухай хуульд “Цэргийн жинхэнэ албан хаагч” гэж цэргийн байгууллагад алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ”, "Офицерын алба" гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад офицерын албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг”, “Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ” гэж тус тус заасан.
Мөн Цэргийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.17 дэх заалтад “Офицер, ахлагч, цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан бол 12 цагийн дотор, амралт, чөлөөг 72 цагаас хэтрүүлэн анги байрлалдаа ирээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэж тусгагдсан болно.
Эрүүгийн хуульд “Офицер, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн бол 1-5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Т-ийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://nalaikh-criminal.e-court.mn/fundmore/5cdb97c2-7bf8-4e7a-aab0-86b2fd907a56